Шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

Шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ

“Mongolia mining 2017” үзэсгэлэн долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг өнөөдөр/2017.04.05/ “Буянт-Ухаа” спорт цогцолборт нээсэн юм.

Нээлтэд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Түмэнцогт, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцлоо.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Түмэнцогтын хэлснээр бол тус компани 2017 оноос АНУ ын Поларис Ассет корпорацитай хамтран шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд чанарын үзүүлэлт муутай хүрэн нүүрсийг үр ашигтай ашиглаж м/тн нүүрс бүрээс 1,5-2 баррель шингэн түлш гаргаж авах зорилготой аж.

Монгол Улсын хэмжээнд судлагдаагүй ашигт малтмалын асар их нөөц баялаг байгаа бөгөөд тэдгээрийг судалж эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах, ордын нөөц тогтоох чиглэлээр тус компани МАК корпорацитай хамтран ажиллаж буй юм байна. Эрчим хүчний Шивээ энержи цогцолбор төсөлд нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэс Шивээ Энержи” компанийг байгуулан ажиллаж эхэлжээ.

Мөн металлургийн кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр Бэрэн групптэй хамтран Эрдэнэс Стийл компани байгуулан ажиллаж байгаа аж.

Тэрбээр “Уул уурхайн экспортын гол түүхий эдийн үнэ ханш 20-60 хувь өсөж, боловсруулалт үйлдвэрлэлт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа энэ цаг үед уг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь онцлууштай юм.

“Mining Mongolia” арга хэмжээ нь “уул уурхайн салбарын технологийн шинэ шийдэл, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талбар” гэж хэлж болно” гэлээ.

“Эрдэнэс Монгол" ХХК нь 2007 онд байгуулагдсан, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа болон Гашуун сухайт авто замыг эзэмшдэг.

“Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК болон "Эрдэнэс Шивээ Энержи" компаниудыг бүрэлдэхүүндээ багтааж, 2017 оноос “Эрдэнэс Ашид”, “Эрдэнэс Стийл” хамтарсан компаниудыг байгуулан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд дээр дурдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж эхэлжээ.

Тус арга хэмжээнд “Оюутолгой” компанийн үйлчилгээний гэрээ хариуцсан ажилтан Г.Солонго оролцож, худалдан авалтын бодлогоо танилцуулав.

“Оюутолгой” компани өнгөрсөн онд 63 сая ам.долларын бараа, үйлчилгээг ханган нийлүүлэгчдээс авсан бол энэ онд 80 орчим сая ам.долларын гэрээ хийхээр төлөвлөжээ.

Онцлоход, тус арга хэмжээнд 130 гаруй компани оролцож байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж