Та хашаандаа, зусландаа бут, сөөг тарих гэж байна уу. Мөн ямар бут, сөөг таривал ашиг тустай болох талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн экологич Ц.Энх-Оюун зөвлөж байна.
Монос
Онцлог: Байгальд голын хөндий, шугуй горхины эрэг, хусан төгөл, ам хавцлын ёроол хажуу энгэрт ургах 3-7 метр өндөр сөөг юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй тас хар өнгөтэй, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй.
Цэцэглэх: Тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсорно. Үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл болон жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Арга: Мод хооронд 3-4 метр зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.
Агч
Онцлог: Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхэлж үрлэх ба тавдугаар сарын сүүлчээр цэцэглэж есдүгээр сарын эхээр үр боловсорно. Агчны бүх зүйлүүд ганд тэсвэрлэх чадвар дунд зэрэг, хүйтэнд тэсвэртэй. Өсөлт ургалтынхаа эхний үедээ сүүдэрлэг орчинд ургахдаа сайн. Үржил шим сайтай. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга: Мод хооронд 3-4 метр зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.
Шар хуайс
Онцлог: Зургаан метр хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал.Мөчир ногоон саарал. найлзуур нь ногооноос шаргал хүрэн.Навчны дагавар өргөслөг. Навчис өдлөг нийлмэл Навчинцар дөрөв, найман хос зууван цэцэг ганц нэгээрээ юм уу, 5 хүртэл бөөнөөр байрлана. Цэцгийн шилбэ 2 -5 см урт, үзүүр хэсэгтээ үетэй. Цоморлог өргөн хонхорхуу. Дэлбэ шар. Буурцаг шугаман бортгорхуу, З,5- 6 см урт, нүцгэн. Цэцэглэх, үрлэх хугацаа 6,7,8дугаар сар Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга: Мод хооронд 3-4 м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.
Бүйлс
Онцлог: 1-5 см өндөр өргөслөг сөөг. Салаархаг сарвагар мөчиртэй, залуу найлзуур улаавтар хүрэн, үсэрхэг, их өргөстэй хатгууртай.Цэцэг ганц нэгээр юм уу хааяа богиноссон найлзуур дээр хэд хэдээрээ багцалж байрлана. Дэлбэ ягаан, тонгоруу өндгөрхүү 5-7 мм. Навчлахын өмнө дэлгэрдэг.Яст жимс өргөн өндгөрхүү бөөрөнхий.1,2-1,5 см урт, нэг см өргөн, үсэрхэг. Цэцэглэх, жимслэх хугацаа 5-6, 8-9 сар.
Тарих арга: Мод хооронд 3-4 м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.
Долоогоно
Онцлог: Бараан хүрэн найлзууртай, яа юм уу 1.0-2.5 см урт өргөстэй. Навчны илтсэний хоёр тал ихэвчлэн нүцгэн,заримдаа дээд тал хааяа хоёр тал нь ширүүн үстэй. Навчны илтэс гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй. Баг цэцэг нь 7-20 ш цэцэгтэй, жимс бөөрөнхий буюу бага зэрэг гонзгойвтор улаан 3-4 ястай доод талдаа хонхорхойтой. Ургалт тавдугаар сарын эхний арав хоногоос 9 сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт тавдугаар сарын дундаас наймдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Тавдугаар сард цэцэглэж, зургадугаар сард үрлэж эхлэн наймдугаар сарын сүүлчээр үр жимс нь боловсорч гүйцдэг. Үрээр ургуулсан 2 настай тарьцыг бойжуулгын талбайд хоёр жил торниулаад байнгын талбайд шилжүүлнэ.
Ашиглах хэлбэр: Ногоон байгууламжид ганц нэгээр болон хэсэг бүлгээр, хамгаалалтын зурвас, амьд хашлаганд, хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтойв
Өрөл
Онцлог: Бөөрөнхий нягт титэмтэй, холтос нь арзгар, үнсэн саарал өнгөтэй. Найлзуур нь удаавтар хүрэн, нүцгэн. Навч нь өндгөрхүү богино зууван 2,5-8,0 см урт, 1,3-5,0 см өргөн, навчны шилбэ 1,2-4,0 см урт. Цэцэг нь 4 8-аар нийлж цагаан өнгийн шүхэр үүсгэнэ. Үр жимс бөөрөнхий, улаавтар туяа бүхий шаргал өнгөтэй, эсгэлэн амттай. Ургалт тавдугаар сарын эхнээс есдүгээр сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт тавдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Зургадугаар сард цэцэглэж, есдүгээр сард үр жимс нь боловсорч дуусна. Хавар болтол үр жимс нь модон дээрээ хадгалагдана. Ган хүйтэнд тэсвэртэй. Шилжүүлэн суулгалтыг даахдаа сайн. Үрээр ургуулсан хоёр настай тарьцыг бойжуулгын талбайд хоёр жил торниулаад байнгын талбайд шилжүүлнэ.
Ашиглах хэлбэр: Ногоон байгууламжид ганц нэгээр болон хэсэг бүлгээр, хамгаалалтын зурвас, амьд хашлаганд, хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой.
ЭХ СУРВАЛЖ: POLIT.MN