Нэгдсэн Үндэсний байгууллага, Олон улсын Олимпийн хороо хамтран “Спорт-Хөгжил-Энхтайван” өдөрлөгийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. 2013 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг дэлхий дахинаа спортыг ирээдүйд таниулан сурталчлахад зориулан тэмдэглэдэг болжээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний олимпийн хороон дээр “Спортын алдартан-бидний бахархал” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын хүндэт зочдоор Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин “Бээжин 2008” олимпийн наадмын аварга, МҮОХорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Ардын багш, “Москва-1980” олимпийн наадмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар болон МҮОХ-ны Олимпийн сургалт, сурталчилгааны албаны дарга Ц.Цэнд-Аюуш нар оролцсон юм.
“Спортын алдартан-бидний бахархал” уулзалтын үеэр сурагчид олимпийн баатруудаас өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авлаа. Ц.Дамдин, Э.Бадар-Ууган нарын алдартнууд анхны тэмцээн, ялалт, ялагдал, олимпийн наадмын торгон агшны талаар дурсамж яриаг өрнүүлсэн юм. Арга хэмжээний төгсгөлд спорт цэвэр ариун ёстой гэсэн билэгдлээр сурагчид цаас барин зогслоо. Энэхүү арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулж байна.
Уулзалтын үеэр олимпийн аварга Э.Бадар-Ууган боксын спортоор хэрхэн хичээллэсэн тухай дурсамжаа өгүүлсэн юм.
Тэрбээр, “Би дунд сургуулийн сурагч байхдаа бөхийн спортоор хичээллэхийг хүсдэг байсан. Олон олон боксын алдартнууд төрсөн Шар хадны 72-р сургуулийн сурагч би ангийн атаман болсон түүхээ ярих дуртай. Энэ үе бол миний хамгийн тэмүүлэлтэй, хүсэл оргилсон цаг хугацаа байсан юм. Нэг удаа захирлын өрөөнд дуудагдаж, сахилгагүй Бадар-Ууган гэж нэр авч, аав, ээжийгээ багагүй зовоосон байх. Хожим эргээд харахад хөдөлгөөнтэй, дүрсгүй байсан ч их л зоригтой хүүхэд байжээ гэж бодогддог. Аав минь намайг зэмлэдэггүй, харин ээж бол байнга загнаж, хатуухан үг хэлдэг байсан. 1998 онд н.Ганзориг багшийн клубт орж, боксын спортыг сонгосон түүхтэй. Анхны тэмцээн, анхны тоглолт ялагдлаар өнгөрсөн ч аав минь намайг зоригжуулсан нь цаашид энэ спортоор тууштай хичээллэх дэмийг өгсөн юм. Би анхны тэмцээнд орохдоо гэрийнхэндээ хэлээгүй. Тэгсэн Спортын төв ордонд болсон тэмцээний үеэр эмчийн магадлалаар хасагдаж, тоглолтын үеийг дуусгаж чадаагүй хүүгээ аав минь зоригжуулж билээ. Тэр цаг хугацаа чамд ч ирэх үе байх ч битгийн шантраарай. Зорилготой байх юм бол чи амжилтын төлөө өөрийн эрхгүй зүтгэх болно. Миний энэ зүтгэл 2007 онд надад ирсэн Олимпийн хорооны тэтгэлэгийг үр дүн гэж хардаг. Тэр үед ааваасаа зөвшөөрөл аваад олимпийн бэлгэдэл болсон цагирагийг шивүүлж байсныг дурсахад сайхан байна. Анхны амжилт, анхны ялагдлын дараа чи өөрийгөө улам сайн зоригжуулаарай. Бас уужуу тайван багшийнхаа сургаалыг сонсож, мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэлтэй байгаарай” гэж өөрийн дурсамжаа өгүүлсэн юм.
Ч.БОЛОР