Траншейн гэж хэлээд бүр сурчихаж. Уг нь үүнийг сүүлийн үед тун эвтэйхэн монголчилжээ. Худаг гэх болж. Багшийн дээдийн урд талын худганд амьдардаг таван хүн ч гэдэг юм уу арай эерүүгээр нэрлэх болов. Ер нь бол гэр хороололд ус түгээдэг жижигхэн цагаан байшин л гэж нийтээрээ ойлгодог байв. За, энэ ч яахав. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд хотын зам, талбайд элбэгшсэн иймэрхүү худгийн таглааны асуудал хүмүүсийг айлгадаг болсон байна. Тиймээс хотын дарга нар аргаа барахдаа ширмэн бус хуванцар таглаа хийх ШБОС ч саяхан гаргасан байна. Гэвч энэ нь хүмүүсээс дэмжлэг аваагүй сурагтай. Хагарч эвдэрнэ, даац муутай гээд голсон байх л даа. Тиймээс хамгийн сайн арга бол одоогийнх шиг буюу ширмэн таглаагаар худгийг нэг бүрчлэн бөглөх явдал гэж үзсэн аж. Тэгэхгүй бол хүүхэд, хөгшид унаж гэмтэх, амь насаа алдахаас гадна нүхэнд нь “зоогдсон” жолооч нар машинаа эвдэх энүүхэнд. Яг ийм гомдол санал ч тасардаггүй байна. Гэтэл “урт гартнууд” ширмэн тагийг хүнд гэлтгүй хулгайлаад зарчихдаг нь одоо ч хэвээрээ аж. Бас нэг асуудал босч ирэв. Яаж хамгаалах вэ. Цөөнгүй арга бодож олжээ. Манаачтай болгох, камержуулах, дохиолол суурилуулах гээд л. Эцэст нь томхон цоожоор данхийлгэх нь хамаагүй хямд төсөр, бас найдвартай гэж үзсэн байна. Ингээд нийслэл маань ямар ч гэсэн худагтайгаа үлдэж чадав. Түүнээс бус үнэтэй машин унаж яваад худагт “унаж” эвдсэн нэг нөхөр л гэхэд уурандаа “Та нар чаддаггүй юм бол би бүгдийг нь бөглөөд хаячихъя” гэж дүвчигнээд баллах дөхсөн гэдэг. Ер нь ингэж уурсах хүн нэгээр ч тогтохгүй байдаг биз. Аль 60, 70 жилийн өмнөх газар доорх байгууламжаасаа нэгэнт салж чадахгүйгээс хойш хотын удирдлагууд маань ингэж л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тун удахгүй зам дээр цоож “сүлжиж” ур чадвараа харуулдаг болох нь.
Н.МӨНХТӨВШИН
"Улс төрийн тойм" сонин