Ж.Мөнхбат: Эерэг мэдээтэй чуулганыг угтлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.06-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Эерэг мэдээтэй чуулганыг угтлаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.


-УИХ-ын чуулган завсарлах хугацаанд Засгийн газар ямар ажил амжуулсан бэ?

-Чуулган завсарлах хугацаанд Засгийн газар нэлээд их ажил амжуулж, “Чалко”-гийн өрийг дарлаа. Засгийн газар ажлаа авахад “Чалко”-д 110 сая ам.доллар,” TTGVCo” компанид хөрс хуулалтын өр буюу 70 орчим ам.доллар төлөх ёстой байсан. Өрийг зургаан сарын хугацаанд дарж дуусгалаа. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”-н баруун цанхийг нээх Засгийн газрын шийдвэртэй холбоотой. Дээр нь Монгол Улс нүүрсээ анх удаа дуудлага худалдааны зарчмаар, өндөр үнээр өгсөн. Дуудлага худалдаанд орсон компаниуд 30 хувийн урьдчилгаа төлсөн, тээврийн зардлаа өөрсдөө төлж байгаа. Ийм зарчим баримталсан нь зөв болсон. Өөрөөр хэлбэл 2,3 компанийн захирал ширээний ард тохиролцоо хийдэг байдлыг халж чадлаа. Монгол Улс одоогоор нүүрсийг 71,72 орчим ам.доллараар өгч байгаа. Ийм өртгөөр худалдаалахад зургаан сарын хугацаанд өрөө дарсан. “Чалко”-гийн анхны гэрээг 70 ам.доллараар хийсэн байсан. Хэрэв энэ гэрээг өмнөх Засгийн газрын үед цуцлаагүй бол 170 сая ам.долларын өрийг 7,8 сарын хугацаанд, 350 сая ам.долларын өрийг жил зургаан сарын хугацаанд төлөх боломж байлаа. Нөгөө талаас Монгол Улс өөрөө “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс борлуулах гарцыг шийдээд явах боломж байна гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

-Ойрын хугацаанд хөнгөлөлттэй зээл оруулж ирэх асуудлаар нэлээд яриа хэлцэл өрнөж байх шиг байна. Хаанаас ямар, ямар зээл орж ирэх вэ?

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаатай холбоотойгоор хоёр орон гурван байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд УИХ-ын дарга Япон улсад айлчилсан. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал үр дүнтэй боллоо гэж Засгийн газар үзэж байгаа. Учир нь тус улсаас 30 жилийн хугацаатай, 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирэхээр болсон. Энэ бол Монгол Улсын эдийн засагт маш том амьсгаа авах боломж юм. Мөн БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирэх асуудал шийдэгдсэн. Үүнээс гадна Сангийн сайд Турк улс руу явж, 300 сая ам.долларын асуудал ярьсан. Энэ зээл 700 сая ам.доллар болж нэмэгдэх боломж байгаа гэсэн. Ийм эерэг мэдээтэй хаврын чуулганыг угтаж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлж, гэрчилгээг нь гаргуулсан явдал хууль зөрчсөн гэж яригдаад байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Би хоёр зүйлийг албан ёсоор нь хэлмээр байна. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийг 49 хувийг Монгол төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Тиймээс Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу ажилласан. Бид 49 хувь талтай уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан. Гэвч тэд уулзалтад ирээгүй. Ингээд Засгийн газрын шийдвэр гарч, 49 хувийг төлөөж байсан ТУЗ-ыг чөлөөлсөн. Мөн “Эрдэнэт”-ийн орлогч дөрвөн захирлыг өөрчилсөн. Гэхдээ 49 хувийг төлөөлж байсан Шинэбаатар нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байж байгаа. Энэ бол 49 хувийг огт үгүйсгээд гаргаад хаячихсан юм байхгүй. Тэнд тодорхой хэмжээний төлөөлөл байлгаж, яриа хэлэлцээр хийх боломжийг нээлттэй үлдээж өгч байгаа.

Хоёрдугаарт, тус үйлдвэрийн захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. Би яг энэ асуудлыг эрхэлсэн сайдын хувьд хэлэхэд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ын гишүүд нэг ч удаа цалин аваагүй байгаа. “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирлын цалинг ТУЗ баталж, тогтоогоогүй, хэлэлцэгдээгүй. Тиймээс ийм их хэмжээний мөнгө аваад өнөөдрийг хүртэл яваад байгаа мэтээр зохион байгуулалттай мэдээлэл тарсан байна лээ. Бид бол ойлгоно гэвч нийгэмд зөвөөр хүрэхгүй шүү дээ.

-Засгийн газар зардлаа танах шийдвэр гаргаж энэ хүрээнд төрийн өмчийн аж ахуй нэгжийн удирдлагуудын цалинг бууруулсан. Энэ шийдвэр одоо ч хүчинтэй биз дээ?

-Төрийн өмчийн компани, аж ахуй нэгжийн дарга нарын цалинг бууруулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ шийдвэр хэрэгжээд явж байгаа. Тиймээс Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг “Эрдэнэт”-ийн ТУЗ-д өгсөн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд үг хэлэхдээ Засгийн газарт шүүмжлэлтэй хандлаа. Засгийн газар “бяргүй” байна гэдэг шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Та бүхэн сайн сонссон бол Ерөнхийлөгч энэ Засгийн газрыг хэлээгүй. Гүйцэтгэх засаглал бяргүй байдаг. Ажиллах боломжгүй байдаг. Энэ нь тогтолцоондоо байдаг гэдгийг хэлсэн. Тэгэхээр 1990 оноос хойш явж ирсэн бүх Засгийн газрыг хэлж байгаа юм. Үндсэн хуульд заасан засаглал хуваарилах зарчмаар хүчтэй Засгийн газар ажиллах боломжгүй байна. Энэ бол үнэн. Өнөөдөр Засгийн газрын үүргийг Ерөнхийлөгч, УИХ-ын институт хувааж гүйцэтгэдэг. Ядаж улсын төсөв оруулж ирэхэд УИХ-аар хэлэлцүүлж, орлого зарлагын хэмжээг нэмж баталдаг. Энэ бүхнээс болж эдийн засгийн хямрал үүсэж байгаа.  Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг хэлж байна. Цаашид гүйцэтгэх Засаглалаа бяртай, бядтай болгохын тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой гэдгийг хэлж байна. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт нэлээд хүчтэй яригдах байх гэж бодож байна.

-Төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал нэлээд өссөн байсан. Зардлаа танах гэж байсан Засгийн газар нь нэмээд оруулаад ирчихсэн атал татварын хэмжээг нэмэх гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбоотойгоор төсвийн тодотголыг хийж байгаа. Анх 2017 оны төсвийн тодотгол батлахдаа байж болох хэмжээнд танасан. Тэгэхээр сайдуудын багц яамдын зардал нэмэгдсэн зүйл байхгүй. Энэ асуудал дээр Сангийн яам илүү дэлгэрэнгүй өгөх байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж