Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Төвийн бүсийн даншиг буюу “Говь шанх” наадам болж өндөр­лөлөө. Энэхүү наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд харин энэ жил Өмнөговь аймгийн 80 жилтэй давхцаж нэлээдгүй нижгэр наадам болсон аж. Энэхүү наадмыг “Ажнай” групп ивээн тэтгэсэн. Та бидний чихэнд “ажнай” Бат-эрдэнэ хэмээн хоногшсон тэрбээр наадмын бай шагналд үнэхээр хоншоор зааж байлсан байна. Учир нь тус наадмын зургаан насны хурдан хүлгийн айргийн тавд дараалж орсон бүх моринд 25 сая төгрөгний үнэтэй морь болон отрын гэрээ ачиж явах зориулалттай машин бэлэглэсэн байна. Нийт зургаан насны айргийн тав гэж бодохоор бүгд нийлээд 30  ширхэг машин бэлэглэсэн гэсэн үг. Энэ нь нийтдээ 750 сая төгрөг болж. Түүгээр ч үл барам эхний таваас арван морины бай шагналд мотоцикл бэлэглэсэн бол 10-30-ийн хооронд орсон моринд 300 мянган төгрөгний үнэтэй аяны майхан бэлэглэсэн байна. Тэрбээр саяхан нутаг усныхаа ард олонд муугаар хэлүүлж, “Монголын говиор баяжсан” хэмээн нэлээдгүй л ад үзэгдэж байсан. Гэвч дээрх бай шагналыг халааснаасаа гаргаснаараа “Говь шанх”-ын наадмыг ганц чимсэн хүн нь Ажнай Бат-эрдэнэ байлаа хэмээн ам булаалдан яриулж чадлаа.Мөн нутгийнхаа түүхт ойн баяраар хоншоор зааж нэлээдгүй хөрөнгө зарсан байна. Түүний жилийн орлого нь 65 тэрбум төгрөг гэдэг. Харин өдрийн орлого нь 300 сая төгрөг. Иймэрхүү бэлтэй тулдаа л нутаг усандаа хандив өргөж наадмын бай шагналыг байлсан байж таарна. Тэрбээр үнэхээр хоншоор заасан нь илт байна. Наадамд оролцсон хүн болгон түүний тухай сайн амтай буцацгаасан. Юутай ч энэ эрхэм хэр мөнгө олно төдий чинээгээрээ хоншоороо харуулдаг хүн ажээ.

Э.БАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж