Ж.Батсуурь: Бүтээлч ажил хийх нь бидний зорилт

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь: Бүтээлч ажил хийх нь бидний зорилт

Ж.БАТСУУРЬ: ГАРТ БАРИГДАЖ, НҮДЭНД ХАРАГДАХУЙЦ
БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙХ НЬ БИДНИЙ ЗОРИЛТ


Сүхбаатар аймгийн нутагm нэлдээ хур бороотой, дэлгэр сайхан зун болж байна. Түүхэн ойнуудыг угтсан их бүтээн байгуулалтын ажлыг тус аймгийн төв, хөдөөгүй өрнүүлжээ. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай уулзаж өнөө жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.


-2010 оны хавар Улаанбаатар хотноо “Сүхбаатар-хөрөнгө оруу­лалт, хөгжлийн чуулган” болсон. Уг чуулганаас дэвшүүлэн гаргасан шийдвэрээ хэрхэн ажил хэрэг болгож байна даа?

 -Бид хоёр дахь жилийнхээ ойн дээр “Сүхбаатар-хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”-аа нийслэл хотод хийж есөн орны 300 орчим гадаад, дотоодын төлөөлөгчийг оролцуулж 2021 он гэхэд Сүхбаатар аймгийн хөгжлийн чиг хандлага, цогц бодлогыг гаргаж тавьсан нь үр дүнгээ өгсөн. Бичигтийн боомтын ерөнхий төлөвлөгөөг хийж байна. Далайд гарах төмөр зам үндсэндээ Хятад талаасаа манай хил дээр ирчихээд байна. Үүнийг дагасан судалгааны ажил, техник эдийн засгийн үндэслэл хийгдэж байна. Аялал жуулчлал, уул уурхай, эрчимжсэн мал аж ахуйн гээд илтгэлд орсон үндсэн асуудлууд бодлогын шийдвэрт ороод явж байна. Чуулган дээр яригдсан зүйлүүд ажил хэрэг болох эхлэлээ олсон гэж хэлж болно. Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлийн тө­мөр замын ажил манай аймгийн нутаг дэвсгэрт энэ зун эхлээд байна. Үүнтэй холбогдож манай аймгийн эдийн засаг нэлээд тэлэх боломж бүрдэж байгаа юм. Ер нь өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд аймгийн эдийн засгийн хөгжлийн асар том суурийг зөв тавьж чадсан гэж бодож байна.

-Та нүдэнд харагдаж, гарт баригдахаар 12 бүтээлч ажлыг тухайн жилдээ хийж байх зорилт тавиад хэрэгжүүлж байна. Энэ оны 12 гол ажлаа нэрлэвэл…?

– Бид багийн Засаг даргаасаа Засгийн газраар хүртэл нэгэн баг болж ажиллахдаа жил бүрийн зорилго, бодлогоо нарийвчлан тодорхойлж бодитой ажил, асуудлыг барьж ажилласнаар 2009 онд ТОП 10, 2010 онд мөн 12 ажлыг бүтээн байгуулахад нийт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 33 хувь болох 5,0 тэрбум нь орон нутгийн төсвөөр хийгдсэн нь өмнөх дөрвөн жилийн дунджаас нэг дахин өссөн байгаа юм. Энэ оны хувьд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт арав гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр 30 гаруй нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, нийт хийгдэх ажлын ная гаруй хувь нь ажлаа эхлээд байна. Аймгийн төвд 700 хүний суудалтай спорт цогцолбор, 640 хүүхдийн сургууль, 150 ортой цэцэрлэгийн барилга болон орон сууцны гурван хороолол шинээр барьж, 2 км хатуу хучилттай зам тавьж, 1,2 км замын засвар, гудамж талбайг тохижуулах болон үерийн суваг, далангийн ажил хийгдэж, дулааны цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хөрөнгө оруулалтад шаардагдах бүх эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх замаар боломжтой бүх арга хэлбэрийг ашиглаж бүтээн байгуулалтын  цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлсээр байна. Аймгийн эдийн засгийн зонхилох салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд байгаль цаг агаарын таатай орчин бүрдэж малчид маань оны эхний мал сүргээ 97,8 хувиар онд оруулж 716,5 мянган төл бойжуулснаар одоо 2,5 сая малтай болоод байна.

-Таны санаачлан байгуулсан жишиг хороолол болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц нь иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад чухал түлхэц болсон төдийгүй аймгийн брэнд бүтээгдэхүүний хэмжээнд очжээ. Энэ жил Канад маягийн хаус хороолол барих ажлаа эхэлжээ. Энэ талаар тодруулж хэлнэ үү?

-Бага, дунд орлоготой иргэд зах зээлийн үнэ ханшаар тохилог орон сууцтай болно гэхэд хүндрэлтэй байгаа юм. Ер нь нэг өрөө байртай хүн хоёр болгох, хоёрыгоо гурав болгох, гурван өрөөтэй нь хаустай болоход төрөөс иргэдэд дэмжлэг үзүүлж байна. Банкнаас 15-20 жилийн хугацаатай бага хүүтэй зээл олгож байна. Харин гэрт амьдардаг хүмүүс болон хөдөөнөөс төвд шилжин ирж байгаа хүний орон сууцны асуудлыг цогцоор нь шийдэхэд анхаарч нийтийн халаалт, бохир, цэвэр усны холболттой орон сууцтай болгох бодлого барьж байна. Энэ нь хотын өнгө үзэмж, тохижилтод төдийгүй тухайн өрхийн амьдралын тавлаг орчинд шууд нийцэж байгаа юм. Ийм маягаар 75 айлын орон сууц ашиглалтад орууллаа. Энэ онд үргэлжлүүлж мөн 75 айлын орон сууц барих болно. Тийм болохоор хямд өртөгтэй орон сууцанд 30 хувийг нь иргэд өөрөө төлбөл үлдэх 70 хувийг банкны зээлээр 10 жилийн хугацаатай өгч сар бүр 100 орчим мянган төгрөг төлөөд явахад 10 жилийн дараа өөрийн гэсэн орон сууцтай болно. Нөгөө талаар иргэд өөрсдөө газар аваад хашаа барьж маш том талбайд их хөрөнгө оруулалт хийдэг байлаа. Иймд бид тэр байдлыг өөрчилж газар талбайг нь шахаж, нэг жигд үйлдвэрлэлийн чанартай жишиг гэр хороолол байгуулж байна. Тэнд газар, хашаа авсан өрхөд газраа өмчилж эдийн засгийн эргэлтэд оруулж банкнаас зээл авах боломжийг бүрдүүлж өглөө. Тэрхүү жишиг гэр хорооллынхоо хойд талд таван га газарт Канад маягийн орон сууцтай хаус хороолол байгуулахаар инженерийн шугам сүлжээ татах ажил эхлээд байна. Энэ бол нэлээд тансаг орчин, хэрэглээтэй орон сууцны хороолол болох юм. Мөн энэ орон сууцнаас нэлээд хямд өртөгтэй дүнзэн модон байшин бүхий бичил хороолол тусгайд нь байгуулж байна. Ирэх жил аймгийн 70 жилийн ой болно. Ийм түүхэн ойгоо угтаж өрх, хүн бүр нэг нэг өөрчлөлтийг хийх хөдөлгөөн өрнүүлээд ажиллаж байна. Тэгэхээр өрх, хүн бүрийн жижиг, жижиг өөрчлөлтүүдийн нийлбэр нь том хөгжлийн бодит суурь болж өгөх юм. Хүн бүр өөрийгөө хөгжүүлэх нь, хүн бүр гадна орчиндоо цэгцтэй амьдрах нь, хүн бүр хөрөнгөтэй болох нь аймгийн хөгжлийн нийлбэр болно.

Г.СҮХЭЭ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж