Эрчим хүчний сайд П.Ганхүү өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудаар ажилласан билээ. Тэрбээр Ховд аймагт Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц /УЦС/ барихаар болсон тухай орон нутгийн иргэдэд дуулгасан. Уг асуудлаар түүнээс товч мэдээлэл авсанаа уншигчдадаа хүргэе.
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд УЦС барихаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч авдаг. Мөн дээр нь “Дөргөн”-ий УЦС-аас тодорхой хэмжээний эрчим хүч авч байгаа. Энэ цахилгаан станцад улсаас жил бүр татаас өгч ирсэн. Тухайлбал, 2008 оноос хойш 62 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн энэ гурван аймгийн эрчим хүчний үнийг барих зорилгоор өгч ирсэн. Тэгэхээр цаашид зайлшгүй дотоодын эрчим хүчний эх үүсвэр бий болгох шаардлагатай. Энэ утгаараа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан билээ. Тухайн үед сайд нар ярилцаад “Эрдэнэбүрэн”-гийн УЦС барих нь хамгийн оновчтой шийдэл гэж үзсэн. УЦС-ийг Ховд аймгийн “Шижигт”-ийн хавцал гэдэг газарт барина.
-Энэхүү УЦС-ийг барихын тулд хэдэн төгрөг шаардлагатай вэ. Хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэх вэ?
-Санхүүжилтийн хувьд нэлээн олон хувилбар бий. Одоогоор эцэслэн шийдээгүй байна. Гэхдээ УЦС нь 64 мегаваттын хүчин чадалтай, 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтэй байх юм. Үүнээс гадна Говь-Алтай, Завхан аймгийн дулааны асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаа. Тус хоёр аймагт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дулааны станц барих асуудал энэ онд багтаж шийдэгдэнэ.