ТАНИН МЭДЭХҮЙ: Эмч нарын тухай сонирхолтой мэдээллүүд

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

ТАНИН МЭДЭХҮЙ: Эмч нарын тухай сонирхолтой мэдээллүүд

Сайн эмч өвчнийг эмчилдэг, харин агуу эмч өвчин туссан өвчтөнийг эмчилдэг.

Уильямс Ослер, Канадын эмч, Жон Хопкинсийн нэрэмжит эмнэлгийг үүсгэн байгуулагч


Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Анх 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д Эмч нарын өдрийг тэмдэглэсэн түүхтэй бөгөөд 1990 онд жил бүрийн гуравдугаар сарын 30-ныг Үндэсний эмч нарын өдөр болгон тэмдэглэхээр тогтжээ.

АНАГААХ УХААН, ЭМЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД


 

Дэлхийн анагаах ухааны салбарт хамгийн анх 1842 оны гуравдугаар сарын 30-нд анх удаа өвчтөнийг бүрэн нойрсуулж, мэс засал хийжээ. АНУ-ын Жоржия мужийн Жефферсон хотод мэс заслын эмч Крауфорд Лонг өвчтнийхөө хүзүүний хавдрыг авахын тулд унтуулгын аргыг анх туршсан байна.

Крауфорд Лонг анх удаа өвчтөнд унтуулгын арга хэрэглэсэн өдрийг бэлгэдэн АНУ-ын эмч Чарльз Алмондын эхнэр Еудора Браун Алмонд 1933 онд анх удаа Эмч нарын өдрийг тэмдэглэх санал гаргажээ.
 

Эмч нарын өдрийн гол бэлгэдэл нь улаан лиш цэцэг юм


 

  • Эм тан хэрэглэж, өвчтөн эмчилж байсан тухай дурдсан хамгийн эртний бөгөөд хамгийн анхны бичмэл МЭӨ 18 дугаар зууны үед Месопотамын Хаммурапийн хуульд бичигдсэн байдаг. Хуульд эмчилгээ амжилттай болсон бол шагнаж урамшуулах, амжилтгүй болбол гарыг нь тасдах зэрэг шийтгэл оногдуулах тухай дурдсан байдаг аж.
     
  • МЭӨ 4000 оны үед эртний Грект эмнэлгийн зориулалттай байр ашиглаж байсан гэж судлаачид үздэг. Орчин цагийн эмнэлэг шиг эмч, мэргэжилтнүүдтэй биш, харин бурхны хүчээр эдгээх сүм маягийн байгууламжууд байжээ. Тэндээ өвчтөнүүд бурханд залбирч, эдгээж, анагааж өгөхийг хүсэн мөргөл үйлддэг байсан гэнэ.
     
  • Мэргэжлийн эмч нар өвчнийг эмчилдэг анхны эмнэлэг МЭӨ тавдугаар зуунд Шри Ланкад үүссэн гэх баримт байдаг.

“Анагаах ухааны эцэг” хэмээгддэг Гиппократ (МЭӨ 460-377)-ыг дэлхийн хамгийн анхны эмч гэж үздэг.
 

АНУ-д явуулсан судалгаагаар видео тоглоом тоглодог мэс заслын эмч нар видео тоглоом тоглодоггүй эмч нартай харьцуулахад 27 хувиар илүү хурдан хугацаанд мэс засал гүйцэтгэдэг, мөн алдаа гаргах нь 37 хувиар бага байдаг гэх сонирхолтой үр дүн гарчээ.
 

  • Мэс заслын эмч нар өвчтөнийхөө биед хөвөн, бинт болон бусад эмнэлгийг багаж хэрэгслээ мартсан тохиолдол жилд 6000 орчим гардаг гэнэ.
  • Испанид явуулсан судалгаагаар мэс заслын эмч нар бусад нарийн мэргэжлийн эмч нартай харьцуулахад илүү өндөр, бас илүү царайлаг байдаг гэнэ.
     
  • Улс орон бүрд харилцан адилгүй ч нарийн мэргэжлийн эмч болохын тулд 8-11 жилийн хугацаа зарцуулдаг. Эхлээд 4 жил суралцаж, бакалаврын зэрэг авна. Дараа нь нарийн мэргэжлээр 4 жил, дахиад сонгосон мэргэжлээсээ шалтгаалаад 3-8 жил үргэлжлүүлэн суралцах шаардлагатай болдог байна.
     
  • Дурангийн мэс заслыг мэргэжлийн мэс засалч эмч алсын зайнаас удирдан хийдэг. Тиймээс нэг өрөөнд байтугай нэг улсад биш байсан ч хагалгаа амжилттай болох бүрэн боломжтой. Зүрх судас, умайн хүзүү, мэдрэлийн мэс заслыг ч дуран, компьютер, робот технологийн тусламжтайгаар алсын зайнаас гүйцэтгэж болох ажээ.
     
  • АНУ болон Европ, бусад өндөр хөгжилтэй орнуудад эмч нарын цалин өндөр байдаг ч тэдний дийлэнх нь их хэмжээний өртэй байдаг. Дундаж түвшний коллеж, их сургуульд эмчийн мэргэжлээр дөрвөн жил суралцах төлбөр дунджаар 300 мянган ам.доллар байдаг гэнэ.
     
  • Түргэн тусламжийн эмчийн жилийн цалин АНУ-д дунджаар 270 мянган ам.доллар байдаг. Жилийн дундаж цалин 180 мянга орчим ам.доллар, нарийн мэргэжлийн эмч нар 340 мянга орчим ам.доллараар цалинждаг аж. Харин Монголд эмч, багш нарын сарын дундаж цалин 500-700 мянган төгрөг байдаг.

Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж