ЭЕШ: Бүртгүүлэхдээ сэлфи зураг ашиглавал шалгалтаас хасагдана

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

ЭЕШ: Бүртгүүлэхдээ сэлфи зураг ашиглавал шалгалтаас хасагдана

Хоёрдугаар сарын 1-нд эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нд дуусна. Шалгалтын бүртгэлийн явц болоод, бүртгүүлэх хүүхдүүд юун дээр анхаарах ёстой талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдлээ. Яг одоогийн байдлаар хэдэн хүүхэд бүртгүүлээд байна вэ?

-ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бүртгэлийн явц 31 хувьтай байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 16.00 цагт дуусна. Энэ хугацааг сунгах, урагшлуулах ямар ч боломжгүй. Яг цагтаа дуусна. Тиймээс сурагчид товлосон хугацаанд амжиж бүртгүүлээрэй гэдгийг анхааруулъя.

-Нийт хэдэн хүүхэд бүртгүүлэх ёстой вэ?

-Энэ жилийн хувьд арванхоёрдугаар анги төгсөх 37.000 гаруй хүүхэд байна. Үүн дээр гадаадад суралцаж байсан болон өмнөх оны төгсөгчид нэмэгдсэнээр нийт 40.000 гаруй хүүхэд ЭЕШ өгнө гэсэн тооцоо бий.

-Бүртгэлийн явцад анхаарах ёстой асуудал юу байна вэ. Тухайлбал, хүүхдүүд гол төлөв ямар алдаа, дутагдал гаргадаг вэ?

-Хүүхдүүд бүртгүүлэхдээ зургаа буруу оруулдаг тохиолдол цөөнгүй гардаг.. Жишээ нь цээж зураг биш сэлфи оруулчихсан хүүхэд олон. Үүнээс болоод ЭЕШ-д орж чадахгүй тохиолдол гарч байсан. Журам ёсоор 4х3 хэмжээтэй цээж зурагтай байх ёстой. Өөр нэг анхааруулах зүйл гэвэл, хүүхдүүд зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх асуудал юм. Бүртгэлийн дугаар, нууц кодоо и-мэйл хаягаар хүлээж авдаг тул цахим хаягаа мартаж болохгүй. Манай Боловсролын үнэлгээний төвд и-мэйл хаяг, кодоо мартсан хүүхдүүд олон хандаж байна. Тиймээс мартаж, эргэлзэж магадгүй гэдэг үүднээс өөртөө давхар бичиж, тэмдэглэж авах хэрэгтэй.

-Өмнөх жилийн статистик судалгаа байдаг байх. Хүүхдүүд гол төлөв аль хичээлийг сонгож шалгалт өгдөг вэ?

-Ихэвчлэн математикийн хичээлээр шалгалт өгдөг.  Үүний дараа англи хэл, нийгмийн тухай мэдлэг, монгол хэлний хичээл ордог. Харин хамгийн бага сонгодог хичээл нь Монголын түүх, Орос хэлний хичээл байдаг. Өмнөх онд улсын хэмжээнд 35983 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд нийт шалгуулагчийн 80 гаруй хувь нь математикийн хичээлийг сонгосон байдаг.

МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ БОСГО ОНООГҮЙ БОЛСОН
 

-Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу вэ?

-Монгол хэлний шалгалт босго оноогүй явагдаж байгаа. Түүнчлэн ЭЕШ-ын бүртгэлээ онлайнаар хийх боломжтой. Онлайнаар бүртгүүлэхдээ цээж зургаа оруулаад, хичээлээ сонгож, төлбөрөө энгийн болон мастер картаар хийж болно. Төлбөр төлөх виза карт нь эцэг, эх, асран хамгаалагчийнх байж болно.

-ЭЕШ-ын хажуугаар нэмж даалгавар өгөх үү?

-Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлийн сонсох чадвар шалгасан даалгавар нэмэгдэж орно. Өмнөх жил туршилт маягаар хүүхдүүдээс түүвэрлэж, сонсох чадварын шалгалт авч байсан. Харин энэ жил шалгалтын бүх байрыг тоног төхөөрөмжөөр хангаж, бүх хүүхдээс сонсох чадварын даалгавар авахаар бэлтгэж байгаа.     

-Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой юу?

-Тийм. Заавал өгнө. Хүүхдүүдэд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, шалгалт авах хичээлийн байранд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байх ёстой. Манай элсэгчид шалгалтын цагаа тулгаж очдог. Үүнээс үүдэж шалгалтаас хоцорсон тохиолдол бий. Тиймээс цагаа зөв хуваарилаарай.

-Шалгалт өгөх байруудаа хэрхэн мэдэж авах вэ?

-Тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn хаягаар шалгуулагчийн буланг сонгож, бүртгэлийн дугаар, нууц кодоо хийнэ. Ингэснээр тухайн хүүхэд өөрийн шалгалт өгөх байр, суудлын тоо зэргээ мэдэж болно.

-Шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Шалгалтын дүн ихэвчлэн долдугаар сарын 1-нээс хойш гардаг. Цахимаар гаргана. Хүүхдүүд дүнгээ харахдаа шалгуулагчийн буланг сонгож, бүртгэлийн дугаар, нууц кодоор нэвтрэн, мэдэж болно. Давхар хүүхэд бүрийн и-мэйл хаягаар дүнг явуулна.

-Нэг хичээлийн шалгалтын төлбөр хэдэн төгрөг байдаг вэ?

-Тогтсон дүн бий. Нэг хичээл 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг. Зарим хүүхэд арай цөөн хичээл сонгочихлоо гэж үзэж байгаа бол шалгуулагчийн булангаар нэвтэрч, нэмж хичээл сонгох боломжтой. Гэхдээ мэдээж дөрөвдүгээр сарын 14-нөөс өмнө шүү дээ. Боловсролын үнэлгээний төвийн лавлах утсыг сануулъя. Элсэгчид 74759498 дугаарын утсаар бусад хүссэн мэдээллээ авч болно.

Фейж хуудас: Боловсролын үнэлгээний төв

Цахим хаяг: www.eec.mn  


— ЭЕШ-ТАЙ ХОЛБООТОЙ САНАМЖУУД —
 

  • Энэхүү шалгалтанд 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
     
  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.
     
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.
     
  • Шалгалтын бүртгэл 2017-04-14 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.
     

  — ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН БҮДҮҮВЧ —
 


— БҮРТГЭЛИЙН ДУГААР, НУУЦ ҮГЭЭ МАРТСАН БОЛ ЯАХ ВЭ? —
 

Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 75779498 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж, дараах үйлчилгээг авах боломжтой.

  • Бүртгэлийн дугаар сэргээх: PID 85011016

  • Нууц код сэргээх: PSW 85011016

  • Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: PPW 85011016

  • Суудлын хуваарь харах: SID 85011016

  • Дүн оноо харах: DUN 85011016

  • Шалгалтын хуваарь харах: EYESH /Энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж