Та үнэртний дэлгүүрт ороод өөртөө сүрчиг сонгох гэтэл ижилхэн юм шиг нэртэй хэд хэдэн үнэртэн байвал яах вэ? Жишээ нь "Christian Dior"-ийн "Miss Dior" гээд сүрчиг байхад, энэ нэрийг нь яльгүй өөрчилсөн "Miss Dior Cherie" эсвэл "Miss Dior Eau Fraiche" гэх мэт үнэртнүүд мөн худалдаанд гарсан. Анхны "Miss Dior"-ийг 1947 онд бүтээсэн байхад хамгийн сүүлийн "Miss Dior Le parfum"-ийг 2012 бүтээсэн байх жишээтэй. Энэ хооронд "Miss Dior"-ийн нийт 16 хувилбар гарсан байна. Ийнхүү зах зээл дээр анх амжилттай борлуулагдсан үнэртний нэр хүндэд суурилуулан гаргасан дараагийн сүрчигнүүдийг "цуврал" гэж нэрлэнэ. Үүнийг англиар "Flanker" гэдэг бол францаар "Une suite d'un parfum" гэдэг.
Ийм цуврал гаргах нь хамгийн гол шалтгаан нь зах зээл юм. Жишээ нь анхны хувилбар нь тухайн үедээ маш их алдар нэрт хүрсэн боловч цаг хугацааны эрхээр нийгмийн, хэрэглэгчдийн дур сонирхол өөрчлөгдөнө. Гэтэл үнэртэн үйлдвэрлэдэг компаниуд зах зээр дээр цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж, олонд таниулахын тулд маш их хөрөнгө, цаг хугацаа зарах шаардлагатай болдог. Тиймээс зах зээл дээр нэгэнт олонд танил болсон үнэртний нэрийг бага зэрэг өөрчлөөд гаргах нь хэрэглэгчдэд хүрэхэд харьцангуй амар бөгөөд хямдхан байдаг. Ихэнх хэрэглэгчид үүнийг анзаарахгүй тул анхны бүтээгдэхүүний нэр хүндэд найдаад олон юм бодолгүйгээр цуврал сүрчгийг худалдаж авдаг.
Цувралыг хэд хэдэн янзаар гаргаж болно. Үүнд:
Нягтралыг нь өөрчлөх. Өөрөөр хэлбэл "Eau de Toilette" (EdT)-аар анх гаргасан үнэртнийг "Eau de Parfum" (EdP) болгон өөрчилж нягтралыг нь өндөрсгөх, эсвэл эсрэгээр нягтралыг нь сулруулна гэсэн үг. Жишээ нь "YSL" – ийн "L'Homme EdT" нь 2006 онд гарсан бол 2013 онд "Homme Le Parfum Intense" (EdP) нь гарсан байна.
Цоо шинэ сүрчиг гаргах. Энэ нь анхны үнэртний нэрийг ашиглаж, тэр сүрчигтэй огт холбоогүй шинэ бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. Үүний хамгийн тод жишээ бол "Chanel No 5 Eau premiere" бөгөөд үүнийг 2007 бүтээсэн. Гэтэл анхны "Chanel No 5" усны EdT/EdP хувилбарууд нь 1921 онд бүтээгдсэн шүү дээ. Бараг бүтэн 100 жилийн зайтай гарсан эдгээр үнэртнүүдийг нэрнээс нь өөр холбох зүйл бараг байхгүй. Эдгээр хувилбаруудыг бүтээсэн мастер, сүрчиг бүтээхэд орсон уран сэтгэмж, тэдний ашигласан орц материал, технологи бүгд огт өөр өөр юм.
Анхны үнэртний зарим ноотуудыг өөрчлөх, ноот нэмэх. Энэ нь анхны сүрчигний үнэрийг ерөнхийд нь хадгалах боловч тодорхой сэдвээр өөр өөр үнэрний ноотоор баяжуулан чимж гаргана гэсэн үг. Жишээ нь "Thierry Mugler"-ийн "A*Men" гээд сүрчигний анхны хувилбар нь 1996 онд гарсан бол 2008 онд "A*Men Pure Coffee" буюу кофений ноотоор баяжуулсан, 2009 онд "A*Men Pure Malt" буюу соёолжны ноотоор чимсэн, 2011 онд "A*Men Pure Havane" буюу тамхины навчны ноот гоцлосон цувралуудыг гаргасан байна.
Анхны бүтээгдэхүүний нэрийг л өөрчлөх. Заримдаа компаниуд цуврал гаргахдаа үнэртнийх нь хувьд огт юу ч өөрчлөхгүй мөртлөө шинэ нэр өгөөд л болчдог. Яагаад ингэдгийг тайлбарлах хэцүү. Жишээ нь сая дурдсан 2009 оны "A*Men Pure Malt" сүрчгийг 2013 онд "A*Men Pure Malt Creation" гэдэг өөр нэртэй гаргасан боловч яг үнэндээ үнэрний хувьд хоорондоо яг адилхан байсан.
Сүүлд нь хэлэхэд чанарын хувьд цуврал үнэртэн нь ихэнхдээ оригиналь хувилбараа гүйцдэггүй. Энэ нь анх гарсан киноны амжилтад тулгуурлан цоо шинээр хоёрдугаар ангийг нь хүчилж хийхтэй адил зүйл. Гэхдээ тэр болгон цуврал сүрчиг нь анхны оригиналаасаа дандаа муу байна гэсэн үг биш. Жишээ нь анхны "A*Men" нь дажгүй үнэртэн боловч 13 жилийн дараа гарсан "A*Men Pure Malt" нь үнэртэнд дурлагсдын дунд бүх цаг үеийн хамгийн шилдэг сүрчиг гэж хүртэл нэрлэгдэхээр сайн бүтээл болсон юм.
Тиймээс та хамраа л дага.
Анхаарал тавьсанд баярлалаа!