Этгээд
төрхтэй элдэв янзын зураг авахуулж, клип хийлгэсэн рок попынхон чухам
хэнийг сайн дуурайхаа сайн мэддэг бололтой. Үс гэзэг, өмссөн зүүснээс нь
өгсүүлээд нүүрний будалт, гарын хөдөлгөөн, тачаангуй инээмсэглэлээс нь
хүртэл “будаа идэх”-ээр хошуурна. Хальтхан харвал дэлхийд алдартай
дуучин, жүжигчинтэй андуурч мэдмээр хачин сайн дуурайдаг болохоор нь
тэднийхээ хуулах авьяасыг бага ч гэсэн магтах хэрэгтэй байх, зайлуул.
Харамсалтай нь, өөрийн гэсэн ялгарах онцлог шинж юу ч байхгүй гэж
бодохоор цаанаа л нэг ядмаг. Гэхдээ манай дуучдад ичих булчирхай
байдаггүй болохоор хэн ч, юу ч ярьсан тоохгүй “ширэн нүүртэй” улс л даа.
“Хаа холын оронд байгаа одод юугаа мэдэх вэ” гэсэн шиг хаа хамаагүй
дуурайна.
Эхний
үед гадаадын оддын дуу, клипнээс хуулж байсан дуучид өдгөө гадаад төрх,
биеэ авч яваа байдлаас нь хүртэл санаа авах болж. Бараг л өөр хоорондоо
“Дэлхийд алдартай оддыг хэн сайн дуурайх вэ” гэсэн уралдаан зарласан
мэт. Хэтрүүлж хэлбэл, манай рок попынхон тэр чигээрээ оддын хуулбар.
Сонин сэтгүүлийн хуудаснаас зургийг нь харж, телевизээр мэдээллийг нь
сонсохоос хэтэрдэггүй мөнөөх дэлхийд алдартай одод нь Монголд чуулсан
мэт санагдахаар. Тоглолтын хөшигний ард “монгол цустай” Рианна, Мэрилэн
Монро, Бионсе Ноулз, Майкл Жексон, Бритни Спирс, Мадонна, Мариан Кери
хээвнэг алхаж явахтай бишгүй л таарна шүү. Гайхаж алмайрсандаа шүлсээ ч
бүтэн залгиж амжаагүй байхад хэрэг бишдэнэ дээ. Өнөөдүүл чинь дэлхийд
алдартай од биш, манай муу хэдэн дуучид байх нь тэр. Худалч хүнд, алдарт
Мадам Тюссегийн музейд байрлуулсан лааны тосон баримлаас нь ч илүү сайн
дуурайна гээч. Хэнийг дуурайх гэж байгаагаа хоорондоо ярилцдаг юм уу,
хаашаа юм. Хуулбар төрх нь хоорондоо давхацна гэж ер үгүй.
Харин
сүүлийн үед ажиглаад байхад манай “хүнд гарууд”-ад Рианна ихэд
таалагдсан бололтой дог. Бүгд л түүнийг дуурайж, өөрөөрөө “тоглох” гэж
хэт туйлшрав. Арай л хувийн амьдралыг нь дуурайж, найз залуугаасаа
салсангүй. “Киви” хамтлагийн ахлагч Ука л гэхэд нэг хэсэг мань дуучны
хувцаснаас хуулбарлаж байсан бол, зарим үед бүр үсийг нь “зээлчихсэн”
явж харагддаг. Панк рок маягийн этгээд засалт, өнгө нь хүртэл Рианнатай
ямар адилхан харагддаг гээч. “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа ч
юунд зүгээр суухав. Клипнийхээ зураг авалтад Рианнагийн бүтээлээс
“хумслахаар” шийдсэн гэдэг. “Үс зүсээрээ ойролцоо юм чинь, яадаг юм бэ”
гэж бодсон уу, яасан. Нүцгэн биеэ даавуугаар ороож аваад хэсэгтээ л
Рианна болж жүжиглэсэн нь түүний клипэнд мөнхөрчээ. Харин дараа нь хэн,
хэнийгээ дуурайж, элэг хөшөөх бол доо…
Эх сурвалж: Б.Болор www.secret.mn