Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөх гэнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөх гэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны зургадугаар сарын 26-нд явагдана.

Хэдийгээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодроогүй байгаа ч улстөрчдийн дунд далд өрсөлдөөн хэдийнэ өрнөөд эхэлчихсэн билээ. Одоогийн байдлаар МАН-аас М.Энхболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарыг нэр дэвших магадлалтай гэх таамаг бий. Харин Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Г.Батхүү, Х.Баттулга, Э.Бат-Үүл нар уг таамаглалд багтаад байгаа юм.

Дээрх хоёр намаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг атгасан гуравдагч бол хүчин бол МАХН юм. Намдаа авчирсан ганц боломжоо өөрт ашигтай эргүүлэх гэсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэг хэсэг намаасаа гарна гэж Н.Энхбаяр даргаа сүрдүүлсэн. Гэвч хэсэг хугацааны дараа намжиж, намын нөхөд нь ч эрхэм гишүүнээ “урвахгүй” гэж найдаж буйгаа хэвлэлээр илэрхийлсэн билээ.

Тэгвэл О.Баасанхүү гишүүний авч ирсэн ганц боломжийг ашиглах гэсэн хүсэл олон хүнд байдаг бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар “ичээнээсээ” гарч, үе үе олны анхаарлыг татах гэж хичээдэг болсон “Босоо” Ганбаа /УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар/ МАХН-ын даргатай уулзах хүсэлт тавьсан байдаг. Гэтэл түүний уулзах хүсэлтийг Н.Энхбаяр дарга хүлээж аваагүй бөгөөд өөрөө энэ боломжоо ашиглах гэнэ.

Энэ тухай МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өдрийн сонин”-д  өгсөн ярилцлагадаа илэн далангүй ярьжээ. Тэрбээр “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт тавибал Монголын ард түмэн эсэргүүцнэ” гэжээ.

Ийнхүү МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ гэдэг нь албан бус байдлаар нийтэд зарлалаа. Гэхдээ түүний ялтайд тооцогдох хугацаа энэ оны наймдугаар сард дуусна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ял, шийтгэлгүй, урьд өмнө нь ял авч байсан бол  ялгүйд тооцогдсон байх ёстой гэсэн заалт бий.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж