Б.УУГАНЦЭЦЭГ: МАНАЙ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ДУНД
ШИЗОТОЙ ХҮН БАЙСАН ГЭСЭН СУДАЛГАА БАЙХГҮЙ
Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх
захирал “Монголын лектор” төвийн багш Б.Ууганцэцэгийг “Ярилцах танхим”-даа урьж,
ярилцлаа.
-Таныг сонгогч гэж хэн
бэ гэдгийг харуулсан судалгаан дээр ажиллаж байгаа гэж сонслоо. Энэ
судалгааныхаа талаар танилцуулна уу?
-Монгол хүний сэтгэлзүйн өвөрмөц онцлог гэсэн судалгаа байгаа юм. Сонгогчийн
гэхээс илүү ерөнхий зүйлийг нь
судалж байгаа гэж ойлгож болно. Ер нь монголчууд яаж сонголт хийдэг вэ, юунд
тулгуурлаж сонголт хийдэг юм бэ, юунд түлхүү итгэдэг хүмүүс вэ гэх асуултад л хариулт хайж байна. Түүнээс зөвхөн сонгуульд зориулж хийгээд байгаа ажил биш.
Бидний судалгаа бүр 2010 оны
зургаадугаар сараас эхэлсэн. Их олон бүтэцтэй судалгаа
юм л даа. Тухайлбал энд юуг хамааруулах вэ гэхээр нэгдүгээрт хувь хүний биеэ
даасан чадвар ямар байгаа юм бэ, шийдвэр, сонголтуудыг хэрхэн хийж байна вэ,
сургууль, хань, ижлээ сонгохдоо хэрхэн хөдөлж байна вэ гээд сонголттой холбоотой нэг бүлэг байгаа. Мөн хүмүүсийн өөрсдийн зан төлөвтэй холбоотой зүйл байна. Яг монголчуудын зан төлөв нь ямар байна, өөрийгөө хэрхэн үнэлж байна гэсэн утгатай өөр нэг бүлэг байдаг ч
юм уу.
-Яг сонгуультай холбоотой бүлгийнх нь талаар тодруулахгүй юү?
-Сонгууль гэхээр хувь хүн
өөрийгөө үнэлэх, бусдыг үнэлэхтэй
холбоотой. Энэ хоёрын хоорондын хамаарал нь маш чухал асуудал. Яагаад гэхээр хүн өөрийгөө
хэрхэн үнэлдгээс
хамаараад бусад бүх зүйлд үнэлгээ өгдөг. Жишээлбэл, хэн нэгэн өөрийгөө дундуур түвшинд
үнэлдэг бол эргээд
ямарваа нэг зүйлст илүү шүүмжлэлтэй талаас нь хандах хандлага нь түлхүү илэрч болно. Гэтэл өөрийн үнэлгээ
тогтвортой дундаж болоод ирэхээр хүмүүсийн хийж байгаа зүйлд анхаарлаа хандуулах нь бий
л дээ. Тэгэхээр хувь хүн
эсвэл сонгогч өөрийн үнэлгээнээс хамаарч маш олон зүйлийн үр дүнд
нөлөөлж байдаг гэдгийг манай
судалгаа харуулаад байгаа юм.
-Сонгогчдын боловсрол гэж их ярих болж. Үүнийг ямар өнцгөөс нь харж байна вэ?
-Сонгогчийн сэтгэлзүй,
сонголт хийх бололцоо гэж сонгуулийн үеэр
их ярьдаг. Гэтэл яг судалсан байдаг уу гэдэг нь бас асуудалтай. Яг түүнийг нь гаргаад ирсэн нь
байдаг билүү. Бид энгийн
тоон үзүүлэлтүүдийг л хардаг шүү
дээ. Энгийнээр хэлэхэд энэ сонголтыг ийм замаар хийжээ гэсэн үр дүн л харагддагаас биш яагаад энэ сонголтыг хийчих
вэ гэдэг зүйлийг огт
судалж байгаагүй гэж
хэлэх гээд байна. Дахин хэлэхэд бидний хийгээд байгаа судалгаа сонгуультай шууд
холбоотой биш. Монголчуудын амьдралд тохиолдох бүх
л төрлийн сонголт
тухайлбал, дэлгүүрээс үнэтэй бараа, бүтээгдэхүүн сонгохдоо ямар шийдвэр гаргадаг вэ гэх зэрэг
олон талтай ажил. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн
сонголт хйиж байна гэдэг чинь нэгжээс авахуулаад амьдралдаа гаргаж байгаа
нарийн нийлмэл үйл
ажиллагаа байгаа юм. Тэгэхээр энэ зүйл
дээр л бид гол анхаарлаа хандуулж ажиллаж байна.
-Сонгуультай холбож ойлгох юм бол нэр дэвшигчийг яагаад
сонгож байна вэ гэдэг асуултад л хариулт олох гээд байгаа гэсэн үг байх нь ээ?
-Тийм. Товчхондоо энэ ийм байна гэсэн үр дүнгээс илүү
яагаад ийм байгаа юм бэ гэдэг нь чухал. Жишээлбэл, манайд үүнтэй холбоотой чанарын
судалгаа байхгүй. Яагаад
тэр хүнийг иргэд сонгов,
юу нь таалагдсан юм бэ гэдэг асуулт хариултгүй
байна. Тэр хүний гадаад
байдал имиж нь таалагдсан уу, эсвэл плакат дээр авахуулсан хөрөг зураг нь таалагдсан юм уу , эсвэл тэр хүний уриа үг, мессеж нь таалагдсан уу
гээд судалчихсан судалгаа алга байна. Одоо маш олон судалгааны төв байна. Гэтэл нэг нь ч ийм
судалгаа гараагүй байгаа
юм. Уг нь манайд сонгогчдын боловсрол, улс төрийн
нам, хүчний судалгаа гээд
маш олноороо гардаг ч гол зүйл
нь харагдахгүй байна шүү дээ. Тэгэхээр магадгүй бидний хийж байгаа судалгаа
энэ зүйлийг бага ч гэсэн
гаргаж өгч чадах болов
уу.
-Сонгогчдын сэтгэлзүйгээс
гадна манай улс төрийн
хүрээнээс хальж
тархдаг нэг яриа байдаг. Тухайлбал, “Энэ хүн
шизотой” гээд л. Их олон улстөрч
ийм өвчтэй
болчихсон мэтээр харуулдаг. Гэтэл шизо гэж сэтгэлзүйн ямар өвчнийг хэлээд байна вэ?
-Шизофрени гээд клиник үг
л дээ. Нарийн ярих юм бол сэтгэл судлал гэхээс илүү
сэтгэцийн шинжлэх ухааны нэр томъёо. Харин манайхан хэн нэгэн дургүйг нь хүргэсэн, бусдаас арай өөрөөр
юмсыг хүлээж аваад байгаа
хүнийг ингэж нэрлээд
байдаг. Ихэнхдээ яг цаана нь ямар утга байна вэ гэдгийг мэдэхгүйгээр ингэж хэлээд байдаг
гэсэн санаа л даа.
-Тэгвэл шизофренитэй хүн өндөр амжилт үзүүлээд, төрийн өндөр албан тушаалтан болчихсон
байх боломжтой юу?
-Жон Неш гээд эрдэмтний тухай хийсэн кино байдгийг хүн бүхэн мэдэх байх. Тэр хүний хувьд паранойд хэлбэрийн шизофренитэй байсан.
Гэхдээ их алдартай, эдийн засгийн салбарын нобелийн шагналт хүн. Гэхдээ үүнийг хоёр янзаар ойлгож
болно. Мэдээж шизофренитэй хүнийг
ухаантай гэж ойлгож болохгүй.
Яахав ухаантай хүмүүсийн маш цөөхөн хувь нь ийм өвчтэй
байх тохиолдол бий. Ер нь энэ өөрөө их эмзэг ойлголт болохоор
шуудхан цөөн өгүүлбэрт тайлбарлах нь учир дутагдалтай. Магадгүй шизотой хүн төрийн өндөрлөгт гараад ажиллаж болно гэх ойлголтыг нийгэмд өгчих ч юм билүү. Тэгэхээр болохгүй биз дээ. Тэгээд ч манай төрийн өндөрлөгүүдийн дунд шизотой хүн байна гэсэн судалгаа байхгүй.
-Эргээд Монгол хүний
сэтгэлзүйн талаар
ярилцъя. Саяхан би нэг зүйл
уншсан юм. Аливаа улсын дэлгүүрүүд дэх барааны байршил тухайн
улсын иргэдийн худалдан авах сэтгэлзүйтэй
холбоотой байдаг гэсэн. Тухайлбал бид “Цагаан идээ сайн, хэрэгтэй” гэж ярьдаг мөртлөө түүнийгээ дандаа дэлгүүрийнхээ цаад буланд худалдаж байдаг
юм байна. Харин шуудхан ороод авчих бүтээгдэхүүнүүд нь элдэв чихэр,
согтууруулах ундаа ихээхэн байдаг юм байх?
-Энэ маш чухал асуудал. Алив юмст тусгаж буй баримжаа маань
монголчуудын сэтгэлзүйтэй
холбоотой. Монголчуудын менталитет гэж яриад байгаа юм. Гэтэл үүнийгээ бид монгол сэтгэлгээ
гэх зүйлтэйгээ холиод
байдаг. Яг үнэндээ монгол
сэтгэлгээ, америк сэтгэлгээ гэж айхтар ялгаатай зүйл
байхгүй гэдэг. Тиймээс
энэ зүйлсийг аль болох
холихгүй байхыг хичээх
хэрэгтэй. Яах аргагүй
монгол хүмүүсийн юмсыг үнэлж, харж байгаа нь онцлогтой
байдаг. Жишээлбэл өнгөний сонголт гээд байж байна. Үүнийг улс төрийн сэтгэлзүйтэй холбож тайлбарлая. Нэр
дэвшигчийг ямар фоннтой плакат түүнийг
нааштай, эерэг имижтэй харагдуулах вэ. Хэрвээ үзмэн
ягаан ч өнгөн дээр нэр дэвшигчийн зураг
байрлах юм бол түүнд
иргэд “Энэ ч нэг тийм хөнгөн хуумгай хүн байна даа. Ямарваа нэгэн
асуудлыг бодолгүй
шийдчихдэг байж мэдэх юм” гээд өөрөө ухамсарлахгүйгээр цаад суурь сэтгэхүйгээрээ ханддаг. Үүнтэй адилхан дэлгүүрт ямар барааг хаана, яаж тавьсан
байна вэ гэдэг нь ч их чухал. Тийм ч учраас том дэлгүүрийн лангуу байршлаасаа хамаарч үнийн ялгаатай байдаг байх.
-Сонгуультай холбоотой өөр жишээ байдаг уу?
-Монголчууд ер нь тэгш хэмтэй зүйлст их дуртай. Сонгуулийн үеэр нэр дэвшигчийн плакатууд
ямар байдаг билээ. Нэр дэвшигчдийн зургууд нь дандаа плакатныхаа төвд байрласан байдаг шүү дээ. Плакатныхаа захад нь
зураг нь байсан тийм сурталчилгааны материалыг чи харсан уу. Хэрвээ тийм байх
юм бол чамд ямар санагдах вэ.
-Магадгүй
шахагдчихсан юм шиг харагдаж болох юм?
-Монголчууд яг энэ маягаар хүлээж
авна. Харин барууны орнуудад энэ зүйл
өөр байх нь элбэг. Нэр
дэвшигчийн зургийг нэг талд нь байрлуулж, хажууд нь мөрийн хөтөлбөр, уриаг нь тавьсан байдаг. Харин манайд бол
ихэвчлэн нэр дэвшигч нь төвдөө тэгш хэмтэйгээр сууж ард нь
тэнгэр ч юмуу, туг байх жишээтэй. Энэ тэгэхээр жижигхэн зүйл юм шиг мөртлөө их агуулгатай зүйл
байгаа биз. Энд л хүний
сэтгэлзүй, психологи
яваад байдаг юм. Ерөөсөө сонгуулийн үеийн сонгогчдын сэтгэлзүй гэхээр хүмүүс асар том зүйл,
хариуцлагын талаар бодоод байдаг. Гэтэл тийм биш их жижигхэн юмнаас эхэлнэ.
Тараах материал, зураг, өнгө гээд жижиг юмнаас эхлээд хүний сонголт хамаарна шүү дээ.
-Монголд сэтгэл судлал яг хаашаа чиглэх ёстой вэ?
-Маш их өргөн хүрээний зүйлсийг
энд хамааруулах байх. Гэхдээ хийх ёстой зүйл
нь нэгдүгээрт монгол хүний сэтгэлзүйн байдлыг судлахаас эхлэх
ёстой. Мэдээж сэтгэл судлал хөгжиж
байна уу гэхээр хөгжиж
байна. Их олон салбарт сэтгэлзүй
нэвтэрч байна. Жишээлбэл цэрэг, цагдаагийн салбарт нэвтэрлээ. Мөн боловсрол, эрүүл мэнд гээд сэтгэл судлаачдын
орон зай нэмэгдэж байна. Мөн
зөвлөгөө буюу практик сэтгэлзүй гэдэг энэ зүйл
сайжирч байна. Ялангуяа 2005 оноос хойш иргэд сэтгэлзүйн салбарыг нэлээд ойлгож хүлээн авах болжээ. Нэг
сонирхолтой зүйлийг
хэлэхэд ихэнх мэргэжил нас ахих тусам карьер нь унадаг юм байна. Гэтэл маш цөөхөн мэргэжлийн хувьд нас нь ахих тусам карьер нь өсдөг мэргэжил байдаг. Тэдний нэгдүгээрт юу байдаг гэхээр сэтгэл
судлаач мэргэжил ордог.
-Монголчууд сэтгэлзүйчдэд
хэр нээлттэй хандаж байна?
-Бид сэтгэлзүйн
зөвлөгөө өгөх, практик талдаа маш их
анхаардаг байсан. Энэ тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан гэж бодож байна.
Мэргэжлээрээ хуримтлуулсан арвин туршлага байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ бид Сэтгэл судлалын үндэсний төв гэдэг утгаараа юун дээр илүү анхаарлаа хандуулж ажиллаж
байна гэхээр нийгмийн сэтгэлзүйд түлхүү ажиллах ёстой гэсэн чиг
баримжаатай болсон. Тэгэхээр нэгж хэсгүүдтэйгээ
ажлаад туршлага хурмтлуулчихсан тул илүү
том зүйлийг барьж авах нь
зүйн хэрэг болов уу.
-Би нэг зүйлийг
их гайхдаг юм. Монгол омогшил, монгол хүн
ба сэтгэлгээ мэт бага зэрэг хийрхлийн шинжтэй уриалгуудыг сурталчилгаа,
ухуулгуудаас их хардаг. Энэ нь монголчуудад ойр биш юм шиг санагддаг юм. Үүнийг иргэдийн цөөнгүй хэсэг нь “Худлаа цээжээ
дэлдэж байна” гэж ойлгоод байдаг юм биш үү?
-Янз, янзаар л ойлгодог байх. Нас, хүйс, эзэмшсэн боловролоос хамаарна. Тухайн хүний юмсыг яаж харж байна, ертөнцийг яаж хүлээж авч байна гэдэг өнцгөөс хамаарна. Үг
гэдэг чинь өөрөө дохио шүү дээ. Тэр дохио хүний ой ухаанд янз янзаар реакц
өгнө. Заримд нь саатал үүсгэх нь ч бий. Монгол хүнд ойр байдаг үг гээд бодохоор итгэл үнэмшил, сэтгэлийн тэнхээ, өөдрөг байдал гэх гурван зүйлийг авч үзэж
болно.
-Танай судалгаагаар нотлогдсон зүйл үү?
-Судалгаа гэхээсээ илүү
туршлагатай холбоотой. Бид энэ салбарт долоон жил тогтвортойгоор ажиллаа.
Манайхан яагаад ийм удаан, заримдаа бүтээмжгүй, хойрго, цаг барьдаггүй вэ гээд л дээрхтэй холбоотой
тайлбаруудыг хийж болно. Монголчууд ер нь юмст их найдаад сурчихсан хүмүүс л дээ. С.Жавхлангийн дуун дээр гардаг шиг
“Болно доо” гээд л. “Ямар байсан болох биз”, “Тэгж байтал нэг болно” гэсэн
ойлголттой байдаг.
-Энэ нь тэгээд том асуудал уу?
-Манайхан нэг номонд нийтээрээ дурлаж байна. “Нууц” гээд
ном. Нийгэм тэр чигээрээ уншиж байна. Уншиж бололгүй яахав. Гэхдээ тэрхүү номон дээр гардаг шиг зүгээр хүсээд
суугаад байх юм бол болчих юм гэж байхгүй
шүү дээ. Унжаад байхаар
унаад ирдэг болоосой гэж бодоод байхаар тэр хэзээ ч унахгүй гэдэг шиг л ойлголт. Түүн шиг бодоод суугаад байвал бүтнэ гэдэг ойлголтыг нийгэмд өгөх нь буруу л даа. Энэ өөрөө
юу вэ гэхээр чамд бодол төрж
байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ чи түүнийг
алдаатай ч оноотой ч хэрэгжүүл,
эхэл гэж хэлэх гээд байна. Монголчуудын бас нэг онцлог нь нэг юмыг хийхээр төлөвлөвөл түүнийг заавал 100 хувь хийх гээд бодоод байдаг.
Олон талаас удаан бодож байх зуур өөр
хүн түүнийг нь аваад хийчихдэг.
Манайхан долоо хэмжиж нэг огтло гэдэг. Энэ зөв
тийм үү. Гэхдээ аливааг
хэтэрхий зөв болгох гээд
хоцордог. Амьдрал дээр ч тэгдэг.
-Энэ нь нийгмийн амьдралтай нь холбоотой юм биш үү?
-Энд бас асуудал бий. Бид болохгүй байгаа юмаа ярьж шүүмжлэлттэй хандахдаа ихээхэн цаг зав гаргадаг.
Гэтэл энэ нийгэмд болж байгаа, бүтэж
байгаа зүйлсийг дандаа
мартдаг. Би боддог юм. Судлаачдыг, бичигчдийг энэ талаас нь бичээсэй гэж. Энэ
хотод бүх зүйл болохгүй байгаа юм биш шүү дээ. Мэдээ ч юм уу, гарч
байгаа нэвтрүүлгүүдтэй нь ч үүнийг холбож ойлгож болно.
Мэдээж үүнээс болж
нийгмийн сэтгэлзүй ч өөрчлөгдөхийг
үгүйсгэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.