Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Oюутолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх 96.8 километр хатуу хучилттай автозам тавих тендерийн сонгон шалгаруулалтын дүн өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан. Тендерийн хоёр багц буюу 46.4 километр замын тендерт “Монроуд” ХХК шалгарсан билээ. Тус компани нь “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд авто замын салбарт тавьсан зорилтууд болон бусад томоохон ажлыг гүйцэтгэх зорилгоор нэгд­сэн “Монголын авто за­мын компаниудын нэгдэл”-д багтдаг. Тендерт шалгарсан “Монроуд” ХХК-ийн гүйцэтгэх за­хи­рал Г.Нарангэрэл, “Оюу­толгой” ХХК-ийн ахлах дэд ерөнхийлөгч  Жон  Жонсон  нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө.

 Оюутолгойгоос   Га­шуунсухайтыг  чиглэсэн ха­туу хучилттай, 96.8 километр зам ирэх оны сүүлчээр ашиглалтад орно. Энэ зам ашиглалтад орсны дараа тухайн орон нутгийн хөгжилд ямар өөрчлөлт орсон байхыг төсөөлөхөд ч таатай. Мэдээж зөвхөн “Оюутолгой” ХК говийн бүсэд зам тавих ажлыг дангаараа хийх гэж байгаа юм биш л дээ.  “Саусгоби сэндс” компани Овооттолгойн уур­хайгаас Шивээхүрэн, Цэхээ боомт хүртэл экспортын нүүрс тээвэрлэх зориулалттай хатуу хучилттай зам барих гэ­рээг байгуулсан. Бас “Энержи ресурс” компани зам барьж байгаа. Тэд ч мөн маш чанартай, олон жилийн наслалттай замыг хурдан хугацаанд барьж өгөхөө амлаж буй.

Одоогоор замын ажлаа эхлээд байгаа “Оюутолгой” ХК-ийн хувьд төслийн тал-байгаас Гашуунсухайт хүртэл тавих хатуу хучилттай зам нь олон улсын стандартад нийцсэн, тээвэрлэлтийн даа­цыг хангахуйц жишиг, ча­нартай зам барина гэ­сэн.  Энэхүү замын хатуу хучилтын өргөн нь найман метр, зузаан нь 12 сантиметр байх юм. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн төдийгүй манай улсын стандартаас долоон сантиметрээр илүү байгаагаараа давуу үзүүлэлттэй байгаа юм.  Оюутолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг тавих төсөлд 320 гаруй хүнийг ажиллуулахаар болжээ. Шинэ зам барихтай холбоотойгоор дахин 100 гаруй хүнийг ажлын байртай болгосон гэсэн тоог тус компанийн удирдлагууд хэлж байна. Замын ажилд оролцох хүмүүсийг орон нутаг, нийслэл, бусад аймгаас сонгон шалгаруулаад байгаа юм билээ.

Тиймээс ч говийн бүсийн замын ажлын явц эдийн засгийн томоохон өсөлт, хөгжилтийг зөгнөсөн, тоссон ихээхэн утга учрыг тээж байгаа. Хамгийн гол нь энэ зам хэзээ ашиглалтад орж, эвдэрсэн хөрсний шарх эдгэж, тоосжилтоос эмээж үрээ тээхээс эмээх эмгэнэлт үе хэдийд дуусах бол гэсэн нутгийн олны хүлээлт олон намрыг үдсэн. Харин ирэх оны сүүлч гэхэд Оюутолгойгоос   Гашуунсухайтыг  чиглэсэн хатуу хучилттай, 96.8 километр замыг ашиглалтад өгөхөөр төлөвлөж буй нь их хүлээлтийн төгсгөл ирж буй бяцхан ч гэсэн гэрэл гэгээ болоод байгаа. Тиймээс энэ зам ашиглалтад орсны дараа тухайн орон нутгийн хөгжилд ямар өөрчлөлт орсон байхыг төсөөлөхөд ч таатай байгаагаа нутгийн иргэд нуухгүй байна. Нөгөөтэйгүүр энэ замыг монголчууд өөрсдөө барих гэж буй нь бүр ч бахархууштай. Яаруу, давчуу ажилд хятадуудыг дайчлах дуртай байдаг өмнөх он жилүүдийн гашуун туршлагыг үлдэн хөөж, энэ удаа Оюутолгой, Гашуунсухайтын чиглэлийн замыг барихад 400 гаруй монгол залуусыг ажиллуулахаар болжээ. Тэд хожмын өдөр энэ замыг барьсандаа төдийгүй Монголд анх удаа, тэр тусмаа говьд дэлхийн жишигт нийцсэн зам барьснаараа бахархаж явах болж байна.

 “Монроуд” ХХК нь “Оюутолгой” төслийн талбайгаас Гашуунсухайт хүртэлх 96.8 км автозамын 46.4 км-ийг манай компани барина. “Оюутолгой” ХХК хамтран ажилладаг, ханган нийлүүлэгч компаниуддаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, гүйцэтгэх ажил нь олон улсын стандартад нийцсэн байх шаардлага тавьдаг. “Монроуд” компани үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлснээ удаа дараа батлан харуулсан учраас энэ ажлыг гүйцэтгүүлэхээр болсон юм билээ.

Замын ажлыг энэ оны тавдугаар сард эхэлж, ирэх оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөсөн байдаг. Энэ замын хатуу хучилтын өргөн найман метр, хучилтын зузаан 12 см. Хучилт нь хоёр үетэй, дороо цементээр бэхжүүлсэн хайрган суурьтай, хүнд даацын ангилалд багтана. Ер нь замын хучилт маш нарийн, өндөр хийцтэй. Чанар, стандартын үзүүлэлтээрээ олон улсын жишигт нийцсэн зэргээрээ Монголын стандартаас давуутай аж. Ийм өндөр зэрэглэлийн зам барихын тулд “Монроуд” ХХК өөрийн стандартаа өөрчлөх бэлтгэл ажлаа хийж дуусчээ. “Монроуд” ХХК-ийн хувьд томоохон замын ажлыг гүйцэтгэж буй тав дахь ажил нь бөгөөд өнгөрсөн жил Оюутолгойн нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн өнөө жил нисэх онгоцны буудлыг олон улсын жишигт нийцүүлэх ажлын тендерт материалаа бүрдүүлж өгсөн. Эцсийн шалгаруулалт нь ирэх аравдугаар сард болох юм билээ.

Ийнхүү Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон Оюутолгой төсөл амжилттай хэрэгжиж, түүнийг даган дэд бүтцийн хувьсгал гарч эхлээд байна. Дашрамд дурьдахад өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дундговь аймгийн 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэрээ говийн бүсийн замын ажилтай танилцаад ирсэн. Тэрбээр өнгөрсөн зун 21 аймагт ажиллаад ирснийхээ дараа говийн аймгуудад ажилласан томилолтоо дүгнэн “Говь сэрж байна” хэмээсэн билээ. Харин энэ удаад бүтээн байгуулалтын халуун цэг болсон Оюутолгой, Тавантолгойн төслийг дагаж замын ажилд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, онцгой анхаарч буйгаа нутгийн иргэдэд дуулгаж байсан. Хамгийн гол нь тэрбээр энэ үеэр Дундговь аймагт ганцхан хоног ажиллахдаа Мандалговийг Улаанбаатартай холбох замын санхүүжилтийн асуудлыг шийдсэн юм. Ерөнхий сайд Дундговь аймгийн 70 жилийн ойн баярт оролцож хэлсэн үгэндээ “Зам дагаж хөгжил гэдэг. Засгийн газар эхний ээлжид говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажилд гол анхаарал хандуулж байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажлын явц  ямар байгаатай Ерөнхий сайд Дундговь аймгийг зорих замдаа танилцлаа. Харин одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэнэ. Гэхдээ санхүүжилтээс болоод ажил удааширчээ. Тиймээс үлдсэн 104 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж  барихаар шийдвэрлэж байна” гэсэн нь говийнхнийг баярлуулав. Хур шиг хэрэгтэй ганцхан шийдвэрээрээ нутгийнхний сонорыг мялаагаад явсан түүний амлалтын биелэлт говийн бүсийн замын талаархи их хүлээлтийн нэгээхэн хэсэг байлаа. Энэ замыг барьж дууссанаар бусад замын ажилд ихээхэн дөхөм болж, ирэх жилийн өдийд говийн хөгжил хөлөө олж, хөрс нь шархаа аниулж, ард иргэд нь сэтгэл амар ажиллаж амьдрах нь дамжиггүй.

С.МӨНХЖИН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж