Хамтран амьдрагч бүсгүйгээ зээ дүүгийнх нь хамт заазуураар хөнөөж, дагавар хүүдээ хүнд гэмтэл учруулсан гэх БНХАУ-ын иргэн Ө-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шинэ оны босгон дээр /2017.01.01/ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан энэ хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.
Хэргийг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгт хуваарилсан бөгөөд шүүгч 14 хоногийн дотор хавтаст хэрэгтэй танилцаж, мөрдөн байцаалтад буцаах, эсвэл шүүх хурлын товыг зарлах эсэхийг шийдэх юм.
Хэргийг сануулахад, тухайн үед хамтран амьдрагч хосууд хамтдаа шинэ жилийн баяр тэмдэглэн, архидан согтуурсан аж. Улмаар хоорондоо маргалдаж, БНХАУ-ын иргэн н.Өргөнтал гэгч нь заазуур авч, хамтран амьдрагч бүсгүйгээ цохиж гэмтээжээ. Харин хүү нь ээжийгээ хамгаалж байх зуур өрөөнд унтаж байсан дөрвөн настай хүүхэд /хамтран амьдрагч эмэгтэйн зээ дүү/-ийг зүсэж гэмтээснээр хүү газар дээрээ амь насаа алдсан байна. Цагдаа нар шөнийн 02:00 цагийн орчимд хэргийн газарт очиж, сэжигтнийг баривчлан, ээж, хүү хоёрыг ГССҮТ-д хүргэсэн байдаг. Хохирогчдыг эмнэлэгт хүргэх үед 46 настай эмэгтэйн толгойдоо гурван ч хэсэг газар гүн зүсэгдсэн, харин хүүгийн зүүн гар, шуу нь мөн зүсэгдэж, гэмтсэн байжээ. ГССҮТ-ийн эмч нар хүүд яаралтай мэс засал хийж, удалгүй хүүгийн бие сайжирсан ч 46 настай эмэгтэй шархаа даалгүй нас барсан байна.
Хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, 46 настай, н.Өргөнтал гэх өвөрмонгол иргэнийг цагдан хорьсон билээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 2.12 буюу онц хэрцгий аргаар, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгажээ. Гэмт этгээд шүүхээр буруутай нь тогтоогдвол 20-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай.
Д.УУДАМ