Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд Хан-Уул дүүргээс нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Эл тойрог нь Хан-Уул дүүргийн 11, 13, 15 дугаар хороог хамарч буй. Гэвч сурталчилгаа хийж явах үеэр нь “Э.Бат-Үүлийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгож болохгүй. Хулгай, луйврын хэргээр шалгагдаж байгаа хүн. Удахгүй шоронд сууна” гэхчлэн үндэслэл нотолгоогүй зүйл ярьж, бужигнуулах болжээ.
Ардчилсан намын гишүүдийн хэлж буйгаар дээрх акци нь МАН талаас явуулж байж мэдэхээр ойлголт төрүүлэх аястай байгаа аж. Гэхдээ Э.Бат-Үүл даргатай нэг тойрогт өрсөлдөж байгаа Ардчилсан намын гишүүн МАН-ын нэр барин өрсөлдөгчийнхөө рейтингийг унагаах зорилгоор хийж буй алхам ч байхыг үгүйсгэх аргагүй аж.
Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 2-нд болно. Сурталчилгаа ердөө хоёр өдөр үргэлжлээд дуусах ёстой. Иймээс илүү өндөр рейтингтэй яваа нэр дэвшигчээ дарж авахын тулд нэр төрд нь халдсан бусармаг сурталчилгаа ширүүсэж мэдэхээр буй ажээ.
Г.ХОРОЛ