Samsung Galaxy S8 ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy S8 ямар байх вэ?

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани “Galaxy S” цувралын сүүлийн хувилбар болох Samsung Galaxy S8/S8+ загварын ухаалаг гар утсаа өчигдөр /2017.03.29/ Нью-Йорк хотод танилцууллаа. Galaxy Note 7 смартфон дэлбэрч, дэлхийн хэмжээнд хэдэн сая бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан, компанийн гүйцэтгэх захирал авлигын дуулианд нэр холбогдсон гээд “Samsung Electronics”-ийн эргэн тойронд таагүй үйл явдал өрнөсөн ч Galaxy S8 хүлээлт өндөртэй байлаа.

ХУДАЛДААНД ГАРАХ ӨДӨР:

“Samsung Electronics” албан ёсоор худалдаанд гарах өдрийг зарласан. АНУ болон БНСУ-ын зах зээлд дөрөвдүгээр сарын 21-нд, бусад орнуудад дөрөвдүгээр сарын 28-наас худалдаалагдаж эхэлнэ.

ҮНЭ:

Unlocked хэмээн нэрлэдэг, аль ч улсын, ямар ч оператор компанийн сүлжээнд ашиглаж болох Galaxy S8 смартфоны үнэ 720 ам.доллар. Мэдээж ижил төрлийн зах зээл дээрх хамгийн үнэтэй утаснуудын нэг болох нь.

Өнгөрсөн жил 32GB багтаамжтай гарч байсан бол энэ жил 64GB дотоод санах ойтой байх юм. Мөн мемори картны оролттой учир багтаамжаа нэмэгдүүлэх боломжтой.

ГОЛ ШИНЭЧЛЭЛҮҮД:

  • Гар утасны ар талд байрлах хурууны хээ мэдрэгч

  • Bixby AI хэмээх дуу танигчтай хувийн туслах програм

  • Өнгөний дээд зэргийн тодрол, нягтаршил бүхий “инфинити” дэлгэцтэй

  • Хэрэглэгчийн интерфейс илүү сайжирсан

ЗАГВАР:

Гар утасны нүүрэн хэсэг нь бүхэлдээ шахам дэлгэцтэй. Гэхдээ утсаа барих, атгах үед санамсаргүйгээр дарагдахаас хамгаалагдсан. Home товчлуур байхгүй болсон. Тэгэхээр нүүрэн талд ямар нэг товчлуур харагдахгүй гэсэн үг. Харин доод хэсэгт даралт мэдрэх товчлууртай, тэр нь iPhone 7-той төстэй болжээ.

Харин хурууны хээ мэдрэгч сканнер утасны ар талд, камерын хажууд байрласан байна.

Өнгөний хувьд хар, мөнгөлөг болон хөх туяатай саарал гэсэн гурван сонголттой. S8 нь өмнөх загваруудаасаа илүү нимгэн, хөнгөн. Жингийн хувьд 155 грамм. Ус болон тоос шорооны хамгаалалттай, 1,5 метрийн гүнд 30 минут хүртэлх хугацаанд ус нэвтрүүлэхгүй байхаар хамгаалагдсан байна.

КАМЕР:

Samsung Galaxy S8 гар утасны камер Galaxy S7-той харьцуулахад төдийлөн шинэчлэгдэж, сайжруулсан зүйл байхгүй. Арын камер нь 12МР мэдрэгчтэй, бүдэг орчинд зураг авах чадвар харьцангуй сайн болсон гэнэ. Камерын хүчин чадал төдийлөн сайжраагүй ч зураг авах шинэ горимууд нэмэгджээ.

Нүүрэн талын камер нь 8MP, Snapchat-тай төстэй элдэв дүр төрхөд хувирч зургаа дарах боломжтой болжээ.

БАТТЕРЕЙ:

Баттерейны тал дээр Samsung төдийлөн шинэчлэл хийсэнгүй. Гэхдээ шинэ чипний ачаар CPU-ны цэнэг зарцуулалт 10 хувиар, GPU-ны цэнэг зарцуулалт 21хувиар багассан гэнэ. Баттерейны хүчин чадал өмнөх хувилбарын адил 3000mAh.

Samsung Galaxy S8/S8+ гар утасны техник үзүүлэлтийг танилцуулбал:

  • Exynos Ocra core (2.3GHz quad + 1.7GHz quad) 10nm SoC процессортой

  • 5.8/6.2 инчийн нумарсан Quad HD+, 2960 x 1440p, 570ppi дэлгэцтэй

  • Wireless: LTE Cat 16

  • Арын камер: 12-мегапиксел, f/1.7, OIS

  • Нүүрэн камер: 8-мегапиксел, f/1.7, AF

  • HDR горимтой

  • Багтаамж: 64GB. Мөн 256GB хүртэлх багтаамжтай мемори карт дэмжиж ажиллана.

  • Баттерейны хүчин чадал: 3000mAh

  • Хэмжээ: 148.9 х 68.1 х 8.0 мм. 155 грамм.

  • Үйлдлийн систем: Android 7.0

  • IP68 түвшний ус, тоосны хамгаалалттай

  • Холболтууд: Wi-Fi, USB Type-C, NFC, GPS, Galileo, Glonass 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж