Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжүүд худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийн дүнгийн 20 хувийг буцаан авдаг болсон. Ингэхдээ баримтаа ebarimt.mn вэб сайтад бүртгүүлсэн байх ёстой. Одоогоор 110 мянга гаруй иргэн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтоо авч чадаагүй байгаа аж. Энэ нь хувийн мэдээллээ алдаатай шивсэнтэй холбоотой юм байна.
Татварын ерөнхий газраас зөвлөж буйгаар гуравдугаар сарын 31-ний 00.00 цагаас урьтаж иргэд хувийн мэдээллийн алдаагаа залруулж, шивсэн нөхцөлд НӨАТ-ын хорин хувийн буцаан олголтоо эдлэх боломж байна.
Иймээс иргэдийг хувийн мэдээллийн алдаагаа гуравдугаар сарын 31-нээс урьтаж засаж оруулахыг хүссэн мессежийг Татварын ерөнхий газраас гар утас руу нь хандан илгээж буй аж.
Онцлоход энэ талаарх зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн иргэд Татварын ерөнхий газрын 1800-1288 дугаар луу холбогдож болох юм байна. Гэхдээ өдөрт 3000-4000 хүн хандаж байгаагаас зөвлөгөө мэдээлэл өгөх төвийнхөн ачаалал ихтэй ажиллаж буй тул зарим талаар утас холбогдохгүй болох тохиолдол гарч буй ажээ.
Г.ДАРЬ