Энэ оны эхний хагас жилд Эрээн боомтоор Монгол руу экспортлосон авто машины тоо 2360 ширхэгт, нийт өртөг нь 86 сая ам.долларт хүрчээ. Энэ талаар Хятадын ӨМӨЗО-ны мэдээллийн сайтад мэдээлсэн байна. Уг тоо ,өнгөрсөн олны мөн үеийнхээс эрс өссөн үзүүлэлт ажээ. Дэлхийн эдийн засаг хямралаас гарч Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх ажил эрчимжиж байгаа, сүүлийн хэдэн жилд Хятад, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд олширсноос Монголд том, дунд оврын ачааны авто машины хэрэгцээ шаардлагатай ихэссэнтэй холбоотой гэж Хятадын тал үзэж байгаа ажээ.
“Энэ оны эхний хагас жилд Монголын тал руу экспортлосон дизель хөдөлгүүрт хүнд ачааны авто машины тоо 860 болж, нийт өртөг нь 35 сая ам.долларт хүрсэн нь үүнийг гэрчилж байгаа аж.. Мөн атрын аян өрнүүлснээр Монголд газар тариаланд хэрэглэх тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. 2011 оны эхний хагаст Монголд экспортлосон трактор 307 ширхэгт хүрсэн нь ноднингийн мөн үеэс 157,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм” гэж Өвөрмонголын сайтад дурджээ.
Д.ОЮУН