Улстөржилт амиа золиход хүргэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Улстөржилт амиа золиход хүргэв үү?

Бодохоос зүрх зүсэгдэх… Аминаас үнэтэй ажил гэж байх уу???

Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө галдан шатааж, амиа егүүтгэжээ.

Энэ явдал хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн мягмар гаригт болжээ. Талийгаач Т нь “Сумын Засаг дарга хууль зөрчин ажлаас халлаа” хэмээн бухимдаж байсан. Амиа егүүтгэсэн нь ажилгүй болсонтой холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс өгч буй.

Харин хэвлэлүүдийн олж авсан баримтаар хоёр жилийн өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сард Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалт зарлахад гурван хүн өрсөлдсөн. Хамгийн өндөр оноо буюу 73-ыг Н.Нямжав, 70 оноог Б.Одхүү, 65.67 оноог талийгаач Т авсан. Гэтэл Идэр сумын Засаг дарга Мөнххүрэл төрийн албаны шалгалтад хамгийн бага оноо авсан байсан Т-г ажилд томилсон. Эл шийдвэрийг нь Н.Нямжав эсэргүүцэж, гомдол гаргасан ч хүлээж аваагүй аж.

Ингээд орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа сумын удирдлага солигдож, шинэ Засаг дарга нь Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Н.Нямжавыг ажилд авснаар Т-г ажлаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулиа барьж, шийдвэр гаргасан шинэ даргын томилгоог буруутгах боломжгүй ч Н.Нямжав нь аймагтаа том алба хашдаг хүний хамаатан учраас хоёр жилийн дараа ажилд томилогдсон тухай дуулдлаа. Аливаа томилгооны ард нам, садан төрөл, танил талын сүлжээ байдгийн жишээ энэ болов уу.

Гэхдээ ямар шалтгаан байсан болоод хоёр жилийн өмнө асуудлыг хуулийн хүрээнд шийдсэнгүй вэ? Яагаад хамгийн бага оноо авсан хүнийг ажилд томилов. Ямар шалтгаан байсан болоод талийгаач Т эл шийдвэрийг хууль бус гэж үзсэн юм бол? Эндээс эхлээд мухарлах шаардлагатай хариулт нэхсэн олон асуулт хөврөх ч бас л нам, танил талын сүлжээтэй тулна.

Учир нь хоёр жилийн өмнө төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн нь намаар ялгаварлагдан, ажилд томилогдож чадаагүй бол хоёр жилийн дараа хамгийн бага оноо авсан нь мөн л намаар ялгаварлагдан ажлаасаа чөлөөлөгджээ.

Уг нь төр нь төр шиг байж, эрх бүхий албан тушаалтан нь хуулиа хэрэгжүүлсэн бол ийм аймшигт хэрэг гарахгүй байх байсан. Харамсалтай нь, хуулийн дээр нам гарч, хуульгүй, дүрэмгүй тоглолт хийж ирсний хар мөр энэ болж байгаа болов уу.

Завхан аймгийн Идэр сумын иргэд болсон үйл явдалтай холбогдуулж орон нутагтаа жагсаал хийв. 2017.03.29

Засгийн газар солигдох бүрийд төрийн алба дээр, дооргүй бужигнадаг.

Санхүүгийн албанаасаа эхлээд манаач, үйлчлэгч галчийг хүртэл сольдог. Алдаа гаргасан гээд ажлаас нь халчихав уу гэхээр “Нам өөрийн хүмүүсээ ажилд авч, "дайс"-ны хүмүүсийг халсан” гэх хардлага голдуу харагддаг. Ийм шалтгаанаар төрийн албанд ажиллаж байсан иргэд хэдэн мянгаараа ажилгүй болж, гудамжинд гарсаар байгаа. Ур чадвар, мэдлэг туршлага бол ерөөс төрийн албанд тэнцэх үзүүлэлт биш болжээ.

Одоо ч иймэрхүү халаа сэлгээтэй холбоотойгоор зарим хүмүүс суулт зарлахаар болж байна. Жишээ татвал, Баян-Өлгий аймгийн иргэн Х.Оразхан аймгийнхаа Хот тохижуулах албанд ажиллаж байсан ч гуравдугаар сарын 10-нд халагджээ.

Ардчилсан намыг Засаг барьж байхад ажилд орсон учраас Ардын нам засаглалаа тогтоонгуут түүнийг ажлаас халсан гэж иргэн Х.Оразхан үзжээ. Тэрбээр халаа сэлгээнд ганцаараа өртөөгүй, хоморголон олноороо халагдах болсон тухай ярьсан байв. Удирдлагуудынхаа хууль бус шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан нь байхад хураамжаа төлж чадахгүйгээс шүүхэд гомдол гаргаж чадахгүй суугаа нь ч бас олон. Орон нутагт нөхцөл байдал ийм л байна. Намчирхал хэрээс хэтэрсэн гэж хэлж болно.

Засгийн газрын гишүүд нь “Хямралтай үед хүмүүсээ ажлаас халахгүй” гэж ярих ч амьдрал дээр намаар ялгаварлан ажлаас халах үзэгдэл хавтгайрч байна.

Эцсийн дүндээ юу болов, хуулиа мөрдсөнийхөө төлөө хоёр хүн “алуурчин” нэр зүүж, нэг хүн амиа золиход хүргэсэн байж болзошгүй болов.

Уг нь Монголд Төрийн албаны зөвлөл гэдэг том байгууллага бий. Аймаг бүрт салбар зөвлөлтэй. Үндсэн үүрэг нь төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах. Гэвч хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалан дуугарч байсан тохиолдол бараг үгүй. Хууль бусаар хийсэн томилгоог ч хууль зөрчлөө гээд шүүхэд хандсан тохиолдол байхгүй. Товчхондоо захиалгаар ажил гүйцэтгэдэг гэж хардахаар амьгүй албат болж хувирсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу.

Төрийн албаны зөвлөл нь ажлаа хийсэн шиг хийж, төрийн удирдах албан тушаалтнууд нь хуулиа мөрдсөн шиг мөрдөж ажилласан бол өнөөдөр ийм аймшигт хэрэг үйлдэгдэх байсан гэж үү.

Хэчнээн иргэнийхээ амиар дэнчин тавьж, хэдэн мянган хүнийг гудамжинд гаргах юм бол, энэ намчирхал, талцал?

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж