ӨЧИГДӨР /2017.03.29/ БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр цаашид нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглахаар болсныг мэдэгдлээ. Мөн тэрбээр Туул голоос хайрга олборлохыг хоригложээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу 2017 оны нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 15-нийг хүртэл “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах” аян зарласан юм. Уг аяны хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгажээ.
Сүхбаатар дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт буюу МУИС-ийн уулзвараар гарч явсан түргэний машинтай Приус маркын автомашин мөргөлдсөн осол өчигдөр өглөө гарчээ. Түргэн тусламжийн машинд золоор өвчтөн яваагүй байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж эхэлжээ.
“ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос өчигдөр төрийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарласан ч хурал болсонгүй. Учир нь хэвлэлийн бага хурлын үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооны иргэд ирж, эсэргүүцлээ илэрхийлэн, багагүй үймээн дэгдээжээ.
Завхан аймгийн Идэр суманд өнгөрсөн мягмар гаригт /2017.03.28/ нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нягтланг ажлаас нь чөлөөлсөн тул халагдсан нягтлан энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн, тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн байна. Ингэхдээ тэрбээр "Хууль бусаар ажлаасаа халагдсан" гэж үзэж байгаагаа олон нийтэд зарлан, өөр дээрээ бензин цацаж, гал тавьсан байна. Хэрэг явдал түүний оршин суудаг газарт гарсан бөгөөд эмэгтэй нас баржээ. Талийгаач Завхан аймгийн Идэр сумын төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан Т гэж хүн байжээ.
Монгол Улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн билээ. Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өчигдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөв.
Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид иргэдийн эд зүйл дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаж байна. Баригдсан залуус 2016 оны зургадугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээр шөнийн цагаар ганц нэгээрээ яваа эмэгтэй хүмүүс болон согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг араас нь боож, зодон эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ. Тэд 2000 онд төрсөн, ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид бөгөөд 13 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг дээрэмдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна.