Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Даваат булаг хэмээх газар ойн санд цэвэрлэгээ хийх туршилтыг хийх болсонтой холбогдуулан хөл хөдөлгөөнтэй байна. Энэ онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын хэмжээнд ердөө 10 суманд хийхээр сонголт хийсний нэгэнд тус Орхон сум оржээ. Энэ сонголтод багтан орсонд аймаг, сумын удирдлага, төдийгүй ойн нөхөрлөлийнхөн болон ард иргэд ойгоо цэвэрлэж, модоо хамгаалах нарийн арга барил эзэмшиж өргөтгөх боломж олдож байгаа юм. Энэ арга хэмжээний хүрээнд тус сумын 105 га талбайд ойн цэвэрлэгээ хийх юм. Туршилтыг чанартай, үр өгөөжтэй гүйцэтгэхийн тулд сайтар бэлтгэх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс энэхүү туршилтын нээлт буюу үзүүлэх сургууль, сургалт зохион байгуулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх болон Ойн газрын хэлтсийн дарга нар хүрэлцэн ирж аймгийн байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга, мэргэжилтэн, сум, орон нутгийн удирдлага, ойн ангийн дарга, техникч нар оролцон, тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн төлөөллийг хамруулан ажиллуулжээ. Тэд энэхүү нээлтээрээ ойн “Даваат булаг” нөхөрлөлийнхний хариуцдаг 60х60 хэмжээний талбайг цэвэрлэж тэр хэсгээс цуглуулсан модыг хэрэглээ болон түлшинд ашиглах, хаягдал гэсэн гурван ангиллаар ялган ашиглах аргыг зааж өгсөн байна. Энэхүү нээлтийн үр дүнд хаа сайгүй ойд хөглөрч байдаг униангиудыг хэрхэн ангилан ашиглахыг мэдэж авах боломж бүрдүүлснээрээ чухал үзүүлэх сургууль буюу сургалт болсны зэрэгцээ тэд ажилласан газраа буцахын үед эргэн харахад хот айлын цэвэрлэчихсэн буйр адил сайхан харагдаж байсныг оролцсон хүмүүс онцлон ярьж байлаа.
А.Зул