Японоос авах 850 сая доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Японоос авах 850 сая доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ

УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаныхан энэ өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж, санал солилцсон. Энэ үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.АБэ ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой гэх хүсэмжлэл дор ирж буй Япон улсаас олгох 850 сая ам.долларын зээл ямар хугацаатай, юунд зарцуулагдах талаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагаас тодрууллаа.


-УИХ-ын даргын Япон улсад хийж буй айлчлалын үеэр тус улс Монголд 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсныг мэдэгдлээ. Энэ зээлийг ямар шугамаар авч байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар ажлын хэсгүүдээ ажиллуулж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүний нэг томоохон хэсэг нь Япон улсаас олгож буй 850 сая ам.долларын зээл юм. Гурван жилийн хугацаанд хэрэгжих Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг болон ОУВС-ийн хөтөлбөрийг дэмжин олгож байгаа санхүүжилт гэж ойлгож болно.

-Зээлийг хэдэн хувийн хүүтэй бас ямар хугацаатай олгож байгаа вэ?

-Энэ зээл Монгол Улсын хуулийн дагуу нэн хөнгөлөлттэй зээлд хамаарна. 20-иос дээш жилийн хугацаатай, нэг хувиас бага хүүтэй байхаар яригдаж байгаа. Яагаад тодорхой тоо хэлэхгүй байна гэхээр ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй байгаатай холбоотой. Япон улсаас авах хөнгөлөлттэй зээлийн ажлын хэсэг удахгүй ирж, энэ асуудлыг шийдэх байх.

-Санхүүжилт хэзээнээс Монгол Улсын Засгийн газрын дансанд орж ирэх вэ?

-Санхүүжилтийг 2-3 хувааж авахаар ярилцаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг тус сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар батлагдсаны дараа Япон улсаас авах зээлийг хоёр тал соёрхон батлах боломжтой.

-Япон улсаас олгож буй 850 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

-Мэдээж Япон улсаас олгож байгаа хөнгөлөлттэй зээл бол ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжих зорилготой. ОУВС-ийн хөтөлбөрийн үр дүнд бий болох ажлуудыг хийхэд маш хэрэгтэй зээл. Засгийн газар энэ мөнгийг эхний ээлжинд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Монгол Улсыг өрийн дарамтаас сэргийлэх зорилгод зарцуулна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголын эдийн засагт үр дагавар гарна гэдгийг бид тооцоолж байгаа. Одоогийн бидний тооцоолсноор эдийн засгийн өсөлт 6-8 хувьтай болох, валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.доллар хүрэх, инфляци дундаж түвшинд зургаа орчим хувьд хэлбэлзэнэ гэсэн таамаг бий. Макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдах боломжтой. Үүний дүнд цаашид урт хугацааны өсөлт гарах, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа энэ бүх тогтворгүй байдал алга болно гэж үзэж байна.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эргэлзэж байсан нэг зүйлс бол Монгол Улсын валютын нөөц хангалттай байна уу, үгүй юу, эдийн засгийн өсөлт гарч чадах уу, макро эдийн засаг тогтвортой байдал сэргэх үү гэдэг асуудал байсан.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын энэ олон эргэлзээг тайлах чухал санхүүжилт нь энэхүү Япон улсаас олгож буй 850 сая ам.доллар. Япон улсаас эл санхүүжилтийг олгохдоо ямар нэг тодорхой зүйлд зарцуул гэсэн шаардлага тавиагүй, зөвхөн эдийн засгийн шилжилтийг санхүүжүүлэхэд зориулан олгож байгааг тодотгоё. Тиймээс Монгол Улсын Засгийн газарт боломж, сонголт байна. Хамгийн гол нь макро эдийн засгийг сэргээхэд санхүүжилтийг зарцуулах нь чухал юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж