Сүхбаатар аймгийн иргэд суулт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн иргэд суулт зарлалаа

Сүхбаатар аймгийн иргэд өчигдөр /2017.03.30/-өөс эхлэн суулт зарлаж эхэлжээ.  Тус аймгийн иргэдийн сонголтыг эрх баригч нам хөсөрдүүлж,  төр засгийн үйл ажиллагааг хууль бусаар явуулагчдыг илтээр өөгшүүлэн дэмжиж, хууль бусаар ажлаа халсан, АН-аас сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас аймгийн Засаг даргын тамгын газрын өмнө гэр барин, суулт зарлаж эхэлсэн байна.  Суулт зарлаж байгаа иргэд “Тус аймагт  улс төрийн хямрал нүүрлэж хууль бус томилгоо, халаа сэлгээ газар авч дүрэм журам мөрдөхгүй  байгаа нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулснаараа хуулийг илт зөрчиж,  иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байгаад  Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд, дэмжигчид болон тус аймгийн иргэд үзэж байгаа гэдгээ илэрхийлэн” ийнхүү эсэргүүцлээ зарлаад байгаа гэлээ.  

Мөн өнгөрсөн аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчийг батламжлахгүй, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй өдийг хүрч байгаад шүүмжлэлтэй хандаж, сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөртөл энэхүү суултаа үргэлжлүүлэх юм байна. 2016 оны аравдугаар сарын Орон нутгийн сонгуулиар АН-16, МАН-16 суудал авсан ч нэг нэр дэвшигчийг тухайн аймгийн сонгуулийн хорооноос түдгэлзүүлсэн учраас дахин сонгууль зохион байгуулсан байна. Дахин сонгуулийн үр дүнд АН-ын гишүүн ялсан ч тухайн нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг батламжлахгүй явсаар өдийг хүрсэн байна. Тиймээс Сүхбаатар аймгийн удирдлагуудыг хуулиа биелүүлж, сонгогчдын саналыг хүндэтгэж, дахин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх, хууль бус халаа сэлгээг таслан зогсоох, АН-ын гишүүнийг батламжлах шаардлагыг аймгийн удирдлагуудад хүргүүлэх бөгөөд тэмцлээ илэрхийлэн суулт зарласан гэдгээ хэлж байгаа юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж