Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Гүржийн Тбилис хотноо болох гранпри тэмцээнд оролцохоор өчигдөр тус улсад газардлаа. 38 орны 300 орчим жүдоч оролцох энэхүү гранпри тэмцээн маргааш эхлэх юм. Манай улсаас энэ удаа есөн жүдоч хүч үзнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д спортын мастер Г.Төрмөнх, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, эмэгтэйчүүдээс 57 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно. Тбилисийн гранприд оролцох жүдочдоос олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 2015 онд уг тэмцээнд түрүүлж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: СПОРТЫН ШУУДАН