Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн алдарт музейн сан хөмрөгт хүний нүднээс далд урлагийн эрхэм дээжис байдаг юм байна. Тодруулбал, Лондонгийн “Тейт” музей үндсэн сан хөмрөгийнхөө 20 хувь буюу 14 мянган үзмэрийг олон нийтэд дэлгэн тавьсан байдаг ажээ. Харин ОХУ-ын  “Третьяковская галерея”  сан хөмрөгийнхөө ердөө 10 хувь, АНУ-ын “Гуггенхейм” музей гурван хувиас ихгүй үзмэрийг олон нийтэд танилцуулдаг. Мөн орчин үеийн урлагийн Нью-Йоркийн музейд Пабло Пикассогийн 1221 бүтээл байдгаас зочдод 24 үзмэрийг нь л толилуулдаг ажээ. Гэхдээ музейн ажилтнуудад алдарт мастеруудын уран бүтээлийн  дээжсийг нуух хэд хэдэн шалтгаан байдаг.

Хамгийн эхний бөгөөд гол шалтгаан нь тэдгээр дээжсийг  нэгэн зэрэг олон нийтэд дэлгэх боломжгүй байдаг юм байна. Дэлхийн том музейн цуглуулга үзэсгэлэнгийн танхимдаа багтддаггүй гэсэн үг. Гэхдээ энэ асуудлыг Эрмитаж болон Британийн музей амжилттай шийдсэн байна. Эдгээр музей нь архивын газрын үзмэрийг тусгай тоноглол бүхий шилэн хоргонд байршуулж, олон нийттэй болгон өргөжүүлэв.

Хоёрдугаарт, бүтээлийн ихэнх дээжсийг олон нийтэд дэлгэн тавихад хүндрэлтэй байдаг юм байна. Жишээлбэл, график бүтээлүүдийг гурван сараас дээш хугацаанд үзэсгэлэнгийн танхимд дэлгэн тавьж болдоггүй ажээ. Гурван сарын дараа үзэсгэлэнд тавигдсан дээрх бүтээлийг 1.5 жилийн хугацаанд амраах шаардлагатай аж. Энэ нь дээжсийг олон жил хадгалахад тустай.

Альбрехт Дюрерийн “Туулай” хэмээх бүтээл нь Альбетины Венийн галерейд харьяалагддаг. Тус бүтээлийг есөн жил амраасны дараагаар хамгийн сүүлд 2014 онд олон нийтийн өмнө танилцуулжээ.

Дэлхийн алдарт мастеруудийн уран бүтээлийн дээжисийг олон нийтэд дэлгэдэггүйн гурав дахь шалтгаан нь тэдний бүтээлүүд хүлээн зөвшөөрөгдөөгүйд байдаг. Тэдгээр бүтээлүүдийг хуурамч хэмээн тэмдэглэж, нөөцөд хадгалдаг ажээ.

Ван Гогийн бүтээл Гогены цор ганц хөрөг – “Улаан малгайт хүн” Амстердамын музейн нөөцөд хадгалагддаг. Энэхүү бүтээлийг Ван Гогийн залгамжлагчийн ажил хэмээн тооцдог байсан ч 2002 онд шинжээчид зургийн жинхэнэ эзнийг олж, эрхийг нь баталгаажуулав.

Үүнтэй адил шалтгаанаар Пабло Пикассогийн “Улаан малгайтай сууж буй бүсгүй” хэмээх бүтээл нь  Индианна мужийн Эвансвила шинжлэх ухаан, түүх, дүрслэх урлагийн музейн архивт хадгалагдаж байна. Тус бүтээлийг Пикассо 1950-аад онд туурвижээ.

“Улаан малгайтай сууж буй бүсгүй” хэмээх бүтээлийн урд байсан зураачийн гарын үсгийн хэлбэрийг тухайн үед музейн ажилчид тайлж чадаагүй тул Gemmail хэмээх нэр өгч, нэр нь үл мэдэгдэх зураач хэмээн тэмдэглэсэн түүхтэй. Хожим нь Пикассогийн уран бүтээлийг судалдаг шинжээч дээрх зургийг олж, алдааг залруулсан байдаг юм байна.

Уэльсийн үндэсний галерей 2010 он хүртэл Уильям Тернерийн бүхэл бүтэн гурван бүтээлийг хонгилд /подвалд/ хадгалж байжээ. Учир нь музейн ажилчид хуурамч зураг хэмээн үзэж байсантай холбоотой юм байна. 1960, 1980 онуудад гурван удаа дээрх зургуудад судалгаа явуулж, хуурамч зохиогчийн нэрийг баталгаажуулсан байдаг юм байна. Гэхдээ энэ хэрэг нь 2012 онд шинжээчдийн орчин үеийн судалгааны аргаар илэрч, жинхэнэ уран бүтээлчийн эрхийг сэргээжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВОКРУГ СВЕТА

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж