BMW хэт ганган концепт загвараа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

BMW хэт ганган концепт загвараа танилцуулав

Удахгүй эхлэх Франкфуртын авто шоуны өмнөхөн Германы авто үйлдвэрлэгч BMW i3 болон i8 концепт загвараа танилцуулж, олны нүдийг хужирлалаа. Дээрх шинэ загваруудын хамгийн ихээр олны анхаарлыг татаж буй үзүүлэлт нь боди-арт гэмээр экстерьер загвар, дээр нь карбон фибр гэх хөнгөн жинтэй боловч маш бат бөх материал бөгөөд BMW үүнийгээ автомашины дизайн дахь хувьсгал хэмээн тодотгож байгаа юм. Карбон фибр гэх шинэ материалыг ашигласнаар машины жинг 250-350 кг-аар багасгах боломж бүрдэж байгаа ба цахилгаан машины хувьд хурд хүч, туулах зам ихэсч байгаа гэнэ.

BMW-гийн i3 концепт загвар нь 125 kW цахилгаан хөдөлгүүртэй, машин дотор дөрвөн хүн суусан байх үед нэг удаагийн цэнэглэлтээр дунджаар 150 км зам туулах хүчин чадалтай аж. Түүнчлэн ердөө 1250 кг жинтэй учир наймхан секундын дотор 0-ээс 100 км/цаг хүртэл хурд авах боломжтой юм байна. Хурдан хугацаанд цэнэглэгч төхөөрөмж ашиглан нэг цагийн дотор цахилгаан хөдөлгүүрийг 80 хувь хүртэл цэнэглэж болно.

Харин арай том загвартай i8 нь бүрэн цахилгаан биш, давхар хөдөлгүүртэй, 100 км-т ердөө гурван литр шатахуун зарцуулах гэнэ. Дээд хурд нь 250 км/цаг ажээ.

Энэхүү гайхалтай төмөр хөлгүүдийг есдүгээр сарын 15-25-нд Германд болох Франкфуртын олон улсын авто шоуны үеэр BMW өөрийнхөө үзэсгэлэнгийн танхимд байрлуулах ажээ.

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж