– Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цолтой алдартнууд “Ардын үг” хэлэлцүүлэгт оролцлоо–
“Монголын медиа” корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг үргэлжилж байна. Анхны хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр хийсэн ажлын хүрээнд хийсэн билээ. Тэгвэл удаах хэлэлцүүлэг гуравдугаар сарын 29-ний өдөр “Монгол хэмээх нэгэн нэр” сэдвээр үргэлжилсэн юм. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар Төрийн тэргүүний урлаг, спортыг дэмжих чиглэлээр хийсэн ажлуудын талаар “Ялалтын цуурай” сэдвээр илтгэл тавьсан. Мөн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цолтой алдартнууд “Ардын үг” хэлэлцүүлэгт оролцсон юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ ТАМИРЧДЫГ БУСДААС ИЛҮҮ СОРГОГ ҮНЭЛСЭН
Монгол Улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов сар бүр мөнгөн урамшууллын талаарх сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр сар бүр 7,5 сая төгрөгийн урамшуулал авч байгаа бөгөөд энэ нь бусад тамирчдаас хамгийн их нь юм. “Энэ бол маш ач тустай зүйл. Ерөнхийлөгч маань тамирчдыг дэлхийн төвшинд өөрсдийн авсан медалийн хэмжээгээр нь урамшуулж байгаа. Энэ тамирчдад бэлтгэл сургуулилтаа сэтгэл санааны дарамтгүй хийхэд нь маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр залуу үе спортод улам сонирхолтой болж, нийтээр биеийн тамираар хичээллэх хандлага нь нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд ач тустай том арга хэмжээ болсон юм. Эх орныхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөж, бие эрхтэнээ золиослосон хүмүүс шүү дээ, энэ муусайн тамирчид. Чөлөөт бөхийн тамирчид өдөрт 4500 калори алддаг бол цанын 50 км, дугуйн 150 км-т уралддаг тамирчид өдөрт 8000 хүртэлх калори алддаг. Үүнийг нөхөх маш хэцүү. Гавьяандаа гарсан тамирчид алдсан энергиэ нөхөх, хугарсан, гэмтсэн биеэ эмчлэхэд их хэрэг болж байна. Манай тамирчид үүгээрээ л амьдралаа залгуулж байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгчийн энэ зарлиг улсынхаа үнэт капиталыг босгож байна. Тэр тамирчдыг бусдаа илүү соргог үнэлсэн” гэсэн юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ТАМИРЧДАД САР БҮР УРАМШУУЛАЛ ОЛГОХ зарлигийг 2012 оны наймдугаар сарын 16-ны өдөр гаргалаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын баг тамирчид “Лондон 2012” зуны олимпийн XXX наадмаас медаль хүртсэн амжилтыг бахархан тэмдэглэж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулан, эх орныхоо нэр алдрыг дэлхийн дахинд дуурсгаж, олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн, үндэсний бахархал болсон үе үеийн тамирчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, тогтмол урамшуулал олгон амьдралын баталгааг нь хангах зорилгоор зарлиг гаргаж урамшуулал олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөв. Зарлигийн дагуу Засгийн газар шийдвэр гаргаж 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр тогтмол мөнгөн урамшуулал олгож эхэлсэн билээ.
Монголын медиа корпораци нь “Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр” гэсэн уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхээр зорьж байгаагийн нэг илрэл нь “Ардын үг” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэхүү зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар ч зөвлөлдөх хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээр оноо өгүүлэх замаар дүнг нэгтгэн гаргах юм байна.
Ч.БОЛОР