-Сүхбаатарын талбайд болдог байсан "Номоо солилцъё" өдөрлөг Хүүхдийн төв номын санд үргэлжилж, хүрээгээ тэлэв-
Сүхбаатарын талбайд уламжлал ёсоор “Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр /2017.04.01/ 5 дахь удаагаа болж өнгөрлөө. Цаг агаарын дулааныг дагаад хүүхэд, ахмадууд гээд бүх насныхан цугласан энэ өдөр Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сар бүрийн эхний бямба гаригт зохион байгуулагддаг уг өдөрлөг өмнөх саруудаа бодвол илүү өргөн цар хүрээтэй болсоор байна.
Тухайлбал “Hello UB” ТББ, 75-р сургуулийн “Дэлбээ” хамтлаг, Скаутын залуучууд хамтран флашмоб хийж сонирхууллаа. Энэ талаар “Hello UB” ТББ-ийн гишүүн О.Бат-Ирээдүй “Манай байгууллагаас залуучуудын оролцоотой флашмоб энэ өдөрлөгийн үеэр хийе гэсэн санаачлагыг гаргасан. Номыг бүх насны ямар ч хүн уншиж болно гэсэн санааг флашмобоор илэрхийлсэн. Дараа дараагийн өдөрлөгүүдэд оролцох сонирхолтой байна. Мөн шинээр юу хийж болох талаар санаануудаа бодож байгаа” гэлээ.
Энэ удаагийн өдөрлөг үүгээр ч зогссонгүй Хүүхдийн төв номын сан өөрсдийн цахим номын сангаа залуучууд болон ном сонирхогчдод танилцуулж байлаа. Гар утсан дээрээ суулган ном унших боломжтой “Номын хүрээ” програмыг /application/ ашиглах нэг сарын эрхийг 3000 мянган төгрөгөөр авах боломжтой юм байна. Уг цахим номын сан 1300 гаруй номтой бөгөөд өдөрт 2-3 ном шинээр нэмэгдсээр байдаг гэнэ. Номоо утсан дээрээ татаж авсан нөхцөлд интернэтгүй орчинд ч уг номоо уншаад явах боломжтой. Харин програмын жилийн эрх 20 мянган төгрөг юм байна. Нэг номын үнээр 1000 гаруй номыг уншина гэдэг тун боломжийн гэж Хүүхдийн төв номын сангийн ажилтан хэллээ.
Дараагийн “Номоо солилцъё” өдөрлөг тавдугаар сарын 6-нд болно. Номонд хайртай, номоо солилцох хүсэлтэй бүх хүмүүсд уг өдөрлөг нээлттэй.
Г.ТҮШИГ