АНУ-ын сансрын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “SpaceX” компани өмнө нь ашигласан “Falcon 9” пуужингаа сансарт дахин хөөргөлөө. Энэ нь дэлхийн түүхэнд анх удаагаа ашигласан пуужинг дахин хөөргөж буй үйл явдал юм. Ийнхүү пуужинг дахин ашигласнаар эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй байх ба сансрын хог хаягдлыг бууруулахад ч багагүй хувь нэмэр болно хэмээн үзэж байна.
Люксембургт төвтэй “SES” компанийн харилцаа холбооны хиймэл дагуулыг тээвэрлэсэн хоёр угсраа хэсэг бүхий уг пуужинг пүрэв гаригт 6:27 цагт Флорида муж улс дахь Кеннедийн сансар судлалын төвөөс хөөргөсөн ба 10 минутын дараа пуужингийн эхний угсраа хэсэг Атлантын далайд байрлуулсан "Of Course I Still Love You" тавцан дээр амжилттай газардсан аж.
Т.МӨНХ