Та У үсэгтэй “курс” гэж эр үг яагаад “курсээс, курсээр” гэж эм үг шиг хувирдаг юм бол гэж боддог уу? Мөн курсийн, курсын хоёрын аль нь яагаад зөв, бурууг олох гэж толгойгоо гашилгадаг уу? Энэ өгүүллэгээр үүний учрыг тайлж, ийм алдааг бушуухан залруулах хэрэгтэйн тухай ярилцана.
Орос хэл Ү, Ө гэдэг үсэггүй. Харин О, У үсэгтэй ч У нь манай У-аас өөр. Орос хэлтнүүд “улица, удача”-ийн У монгол хэлний “улаан, улс, ус”-ын У-аас өөр, бараг л Ү шиг хэлэгддэгийг төвөггүй анзаарна. Ү-гүй оросууд Ү-г У-аар орлуулж байгаа нь энэ. “Монгол кирил үсгийн дүрэм”-д үүнийг баталж “Орос хэлний У үсгийг монгол хэлний Ү үсэгтэй адилтган эм эгшигт тооцож “рублийн, курсээр” гэж эм нөхцөл залгана” гэсэн. Ингэж Ү-тэй бид орос хэлний “курс”-ийг монгол хэлэндээ “күрс” болгоогүйгээс болж эрийн араас эр, эмийн араас эм гэдэг хамгийн сайн мэддэг дүрмээ гажуудуулжээ. Уг нь байгаа юмаараа баярхаж, “күүрс” болгосон бол эрдэмтэд нь ийм “гажиг”-тай дүрэм зохиож, энгийн иргэд түүнд нь бүдрэхгүй байх байсан.
Харин сүүлийн үед “күүрс” гэж бичиж, өөрийн мэдэлгүй энэ “гажиг”-ийг засагчид төрж байгаа. Энгийн хүмүүс тэднийг алдаатай бичигчид гэж адалдаг бол учир мэдэх хүмүүс эртний алдааг залруулах их зориг гаргалаа гэж магтдаг. Тэднийг “Хатан зоригтнууд!” гэж хувиасаа өргөмжилье…
“Егөөтэй 99 тайлбар” номын “Ацан шалаанаас гаргах хатан зоригтон болъё!” өгүүллийн хэсгээс