Ардчилсан намаас өнөөдөр 12.00 цагт дотоод сонгуулийн үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга, гишүүнийг сонгох санал хураалт өчигдөр 10.00 цагаас эхэлж, 22.00 цагт өндөрлөсөн юм.
Санал хураалтад оролцсон гишүүдийн ирцийн мэдээ 20.00 цагийн байдлаар 70 гаруй хувьтай гараад байна гэх мэдээллийг намаас нь өгсөн.
Иймээс эцсийн байдлаар санал хураалтад оролцсон гишүүдийн ирц хэдэн хувьтай гарсан, мөн хэн, хэн аймаг, нийслэл, дүүргийнхээ Ардчилсан намын даргаар сонгогдов, Үндэсний бодлогын хороонд мөн хэн сонгогдов гэдгийг өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар тодорхой мэдээлэхээр болжээ.
Ардчилсан намын дотоод сонгуулийг тус намын дарга С.Эрдэнэ “Шинэчлэлийн хоёр дахь давалгаа явж байна. Өмнө нь цөөхөн гишүүний оролцоотойгоор асуудлыг шийддэг байсан бол одоо бүх гишүүдийн оролцоотойгоор сонголтоо хийлээ. Ардчилсан нам бодлогын нам, институци болж өөрчлөгдөж байна. Үүгээрээ бусад улс төрийн намуудад өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна.
Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олгархи хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа” хэмээн дүгнэсэн.
Гэвч зарим гишүүд нь “Нэр бүхий тойргуудад зөвхөн нэгхэн нэр дэвшигч өрсөлдөж, сонгогдсон нь шударга сонгуульд нийцэхгүй. Дээр нь С.Баярцогтын нэр дэвших эрхийг нь хязгаарлачихаад, түүнийгээ Ардчилсан нам хариуцлагатай болж байна” гэж тодорхойлбол эндүүрэл. Ардчилсан намыг сонгуульд ялагдуулсан хүмүүстээ ч адилхан хариуцлага тооцож, нэр дэвшүүлэхгүй байх ёстой байсан” гэж мэдэгдэж буй юм.
Үндэсний бодлогын хороо нь нийт 389 суудалтай байх бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн сунгаагүйгээр шууд суух бол 380 суудлын төлөө 511 гишүүн өрсөлдсөн. Гэвч зарим тойрогт нэг ч нэр дэвшигчгүй, зарим тойрогт зөвхөн нэгхэн нэр дэвшигч өрсөлдсөн нь дотоод сонгууль өрсөлдөөний зарчмаар явагдаж чадсангүй гэх шүүмжлэлийг гишүүдээсээ хүлээгээд байгаа.
Ийм сонгууль зохион байгуулахад хүрсэн шалтгааныг Ардчилсан намын гишүүд “Дотоод сонгуулийг зохион байгуулах хороо дүрмээ зөрчин хэт өндөр дэнчин, хураамж тогтоосон нь Ардчилсан намыг бодлогын нам бус мөнгөний нам болгон хувиргалаа” хэмээн шүүмжилсэн.
Ямартай ч Үндэсний бодлогын хороонд хэн, хэн сонгогдов, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын даргаар хүлээн зөвшөөрөгдөх хүмүүс сонгогдож чадсан уу, шударга сонгууль зохион байгуулж чадсан уу гэдгээс тус намын гишүүдийн хийх акц хамаарах чимээ дуулдаж байна.
Г.ХОРОЛ