Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн Гүржийн Тбилис хотноо гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд 36 улсын эрэгтэй 164, эмэгтэй 87, нийт 256 жүдоч барилдсан юм. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй хоёр жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан шагналт V байрыг эзлэв. Мөн дөрвөн жүдоч шагналт VII байр эзэлж, багийн дүнгээр 11-р байр эзлэв. Бразил 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол ОХУ /3+2+5/, Гүрж /3+1+2/ улс удаалав. Харин Украин, Франц, Узбекстан, Австри, Беларус IV-VIII, Швед, Итали, Монгол IX-XI байрыг эзлэв.
66 кг-ын жинд нийт 25 бөх хүч үзсэнээс Гүржийн Г.Лаша алтан медаль хүртэж, Монголын Д.Төмөрхүлэг мөнгө, Бразилын Ч.Чибана, ОХУ-ын Якуб Шамилов нар хүрэл медалийн тавцанд зогслоо.
“С” хэсгийг тэргүүлсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, Гүрж, Азарбайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялж, финалд үлдсэн юм. Тэрбээр Гүржийн Г.Лашаг цаг дуусахад зургаан секундийн өмнө оноогоор илүүрхэж байсан ч цэвэр ялагдсанаар дэд аварга болсон юм. Д.Төмөрхүлэг 2015 онд тус тэмцээнд түрүүлж байсан билээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Ц.Хулан эхний тойрогт Гүржийн бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Бразилын Рафаэль Силвад ялагдан дагах тойрогт барилдах болсон. Манай бөх Словенийн Кажаг ялсан ч Нидерландын М.Бергстрад ялагдан медалийн тавцанд зогсож чадаагүй юм.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана нар шагналт VII байр эзлэв.
Ч.БОЛОР