Налайхын 62 дугаар байрныхан хэвлэлийн хурал хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Налайхын 62 дугаар байрныхан хэвлэлийн хурал хийлээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Налайх дүүргийн 62 дугаар байрны оршин суугчид болон Иргэдийн шударга шүүхийн Бат-Ялалт нар хэвлэлийн бага хурал хийлээ. Иргэдийн шударга шүүхэд жил гаруйн өмнөөс хэсэг иргэд хандан Налайх дүүрэгт шүүхийн хууль бус шийдвэр үйлдэл хийж байгаа талаар мэдээлж байжээ. Тэд хэвлэлийн бага хуралд оролцогсдод 2008 оны есдүгээр сарын 3–ны өдөр 318 тоот Налайх дүүргийн шүүхийн шийдвэрийг авчирч үзүүлсэн. Налайх дүүргийн 62 дугаар байрны оршин суугчдын асуудал удаа дараалан хөндөгдөж байсан ч тоймтой шийд гарч байгаагүй. Нийслэлийн өмчлөлд хамааралтай 62 дугаар байр буюу Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗХУ-ын үед дутуу баригдаад орхигдсон байшинг гүйцээж бариад өмчлөлд шилжүүлж байгаа энэ бүх үйл ажиллагаанд тодорхой нэгэн хуулийн зөрчлүүд ажиглагдаад байгаа аж. Хамгийн том зөрчил нь 318 тоот шүүхийн шийдвэр нь Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчжээ. Үүнд уг шийдвэр дээр хариуцагч гэж байдаггүй гэнэ. Нэхэмжлэлийн бүрдүүлэлтийг хангаагүй байхад эл хэргийг авч шийддэг шүүхийг өнөөдөр тэд хөндөн ярилаа. Өмчийн эзнийг оролцуулахгүй өөр эзэнд шилжүүлж байгаа хэрэг энэ байрны асуудал дээр гараад байгаа учраас ийнхүү мэдээлэхэд хүрчээ. Өмчийн эзэн нь нийслэлийн өмчийн харилцааны газар гээд тодорхой байгаа ч хариуцагч өгт байхгүй. Иргэдийн шударга шүүх нь төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирч байгаа иргэдийн эрхийг хамгаалах шаардлагын дагуу л үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тиймээс Иргэдийн шударга шүүх наймдугаар сарын 26-28-нд Сүхбаатарын талбайд “Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах юм байна. Нээлттэй хаалганы өдөр нь хар, цагаан гэсэн хоёр танхимаас бүрдэх нь ээ. Тус байгууллагынхан төрийн буруу үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд болон өөрсдөдөө байгаа материалыг цуглуулан үзэсгэлэн дэлгэх гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж