“Хэрвээ Хятад Хойд Солонгосын асуудлыг шийдэхийг хүсэхгүй байгаа бол АНУ-ын засаг захиргаа Хойд Солонгосын асуудлыг бие даан шийдэхэд бэлэн” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Гэхдээ Хятад улс Хойд Солонгост илүүтэй нөлөөлж чадна гэдгийг Трамп онцолсон байна.
Трампын ийнхүү хэлсэн нь Хойд Солонгосын эсрэг АНУ дангаар ямар нэг арга хэмжээ авах гэж байгаа гэсэн үг үү гэсэн асуултад “Би үүнээс илүүг хэлж болохгүй” хэмээн хариулжээ.
Энэ долоо хоногийн Пүрэв гаригт БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Трамптай уулзах гэж байгаа. Энэхүү уулзалтын өмнө Трамп ийнхүү мэдэгдсэн нь Хойд Солонгост АНУ-аас өгч байгаа сануулга хэмээн ажиглагчид үзэж байна.
Энэ он гарсаар Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтыг удаа дараа хийж, мөн өндөр хүчин чадалтай цөмийн хөдөлгүүр туршсанаа зарласанд АНУ ихээхэн санаа зовинож байгаа юм. АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах холын тусгалт пуужинг Хойд Солонгос аль хэдийнэ үйлдвэрлэсэн гэсэн таамгийг Вашингтон хийгээд байгаа.
Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Азийн гурван орон, тухайлбал, Япон, БНСУ, Хятадад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Хойд Солонгосын ааш занг тэвчих дипломат тэвчээр барагдсан” хэмээн мэдэгдсэн юм.
А.ТУЛГА