Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, зохион байгуулалтыг олон нийт, шалгуулагчдад таниулах “Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2017.04.01/ “Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд зохион байгуулж байна. Энэхүү нээлттэй өдөрлөгийг 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өдөрлөгт Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид ихээр сонирхон ирсэн байлаа.
Уг нээлттэй өдөрлөгийн үеэр ЭЕШ-ын бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авч, өргөдөл, гомдол шийдвэрлэх, шалгалтад анхаарах зүйлс зэрэг лекц болон туршилтын сорилго шалгалт авч байсан юм. Тэр дундаа англи хэл, математик, нийгмийн ухаан гэсэн гурван хичээлээр туршилтын сорилго шалгалт өгөхөөр олон хүүхэд дугаарласан харагдав.
Нээлттэй өдөрлөгийг сонирхохоор ирсэн Нийслэлийн 47 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Сайханжаргал ярихдаа “Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл, бүртгэл зэрэг сайн мэддэггүй асуултынхаа хариултыг энэ өдөрлөгт ирснээр мэдэж авлаа. Мөн ЭЕШ-ыг туршилтаар сорилго шалгалт авч байгаа нь дараа нь шалгалтаа өгөхөд сандралгүй болоход өөрийгөө бэлтгэнэ гээд их давуу тал болж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Манай хамт олон ЭЕШ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах зорилтын хүрээнд дараах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ харах боломжтой дэвшилтэт шилэн технологийг туршиж үзэж байна. Ингэснээр ирэх жилүүдэд улсын хэмжээнд шалгалт өгөх бүх төвүүд дээр бүрэн нэвтэрүүлнэ. Өмнө нь шалгуулагч ЭЕШ-ын дүнгээ 14 хоногийн дараа сонсдог байсан бол шалгалт өгсөн даруйдаа шалгалтынхаа дүнг харах боломжтой болох юм. Тэрхүү дэлгэц дээр шалгуулагчийн бүртгэлийн дугаар, авсан оноо нь харагдах юм” хэмээн Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ танилцууллаа.
Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-ний 09:00 цагаас эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний 18:00 цагт дуусна. Энэ жил улсын хэмжээнзд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөж байгаа ажээ. Түүнчлэн гадаадад ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч ЭЕШ өгөх төлөвтэй байгааг албаныхан дуулгаж байна.
Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой ажээ.
А.СҮРЭН