Пак Гын Хэгийн торны цаадах амьдрал

Хуучирсан мэдээ: 2017.04.01-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэгийн торны цаадах амьдрал

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ торны цаана хоригдсон тус улсын гурав дахь төрийн тэргүүн нь боллоо. Сөүл хотын дүүргийн шүүхээс баасан гаригт (2017.03.31) 03.00 цагт экс-ерөнхийлөгчийг баривчлан саатуулах шийдвэр гаргасан юм. Түүнийг авлига, хээл хахууль авсан, дарамт үзүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 13 зүйл ангиар буруутгажээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Пак Гын Хэг шүүхийн байрны зэргэлдээ орших Сөүл хотын дүүргийн прокурорын газарт аваачиж, хорьсон бөгөөд удалгүй, 15 орчим минутын дараа Кёнги мужийн Уйванг хотод орших түр саатуулах төв рүү авч явсан байна.

Ерөнхийлөгчийг огцруулах хэмжээнд хүргэсэн авлигын дуулианд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ким Ки-чүн, Соёлын сайд асан Чой Юүн-сун, “Samsung Electronics”-ын дэд ерөнхийлөгч И Жэ-юн нар мөн тус хорих ангид саатуулагдаад байгаа юм.

Пак Гын Хэг жирийн ялтнуудын адилаар хянах дэлгэц бүхий хаалгаар нэвтрүүлж, биеийн байцаалт, эрүүл мэндийн үзлэг хийж, шүршүүрт оруулсны дараа хорих өрөөнд нь хуваарилсан тухай “Korea Times” мэдээлжээ. Түүнд хорих ангийн цайвар ногоон өнгийн дүрэмт хувцас өмсүүлж, ариун цэврийн хэрэгсэл, дэр, шүдний оо болон хөнжил өгчээ.

Пак Гын Хэгийн хоригдох өрөөний бүдүүвч зураг

Тэр дотроо жорлон, угаалтуур, зурагт, эвхэгддэг дэвсгэр гудас, шүүгээ, ширээ болон цахилгаан шалны халаалт бүхий 6,56 кв.метр талбайтай өрөөнд хоригдоно. Улс орныг удирдаж, төрийн тэргүүний алба хашиж явсных нь хувьд түүнийг ганцаараа ийм өрөөнд суух боломж олгожээ. Шоронгийн дүрмээр бол үүнээс жижиг талбайтай өрөөнд зургуулаа хоригддог байна.

Хорих анги өдрийн гурван хоолтой. Пак Гы Хэ хорих ангид очсон эхний өдрөө өглөөний цайндаа улаан лоолийн сүмс, бяслагтай талх зоогложээ. Журмын дагуу гаднаас хоол оруулах хориотой гэнэ. Хорих ангийн нэг өдөр өглөө 06.00 цагт эхэлж, 08.00 цагт цахилгаан салгаснаар төгсөнө.

Ням гаригаас бусад өдөр өдөрт 45 минут салхинд гарах эрхтэй, одоогоор шүүх Пак Гын Хэгийн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй учир албадан ажил хийх шаардлагагүй ажээ.

Өглөөний 08.30 цагаас өдрийн 16.00 цагийн хооронд нэг удаа 30 минутаас хэтрэхгүйгээр эргэлт авч болно. Харин өмгөөлөгч, хуульч нартайгаа дээрх заасан цагт хэдэн ч удаа, хэдий ч хугацаагаар уулзаж болох гэнэ.

Бусад хоригдлуудын адилаар экс-ерөнхийлөгч хувцас, ор дэрний хэрэгсэл, эм, ном болон бусад өдөр тутмын хэрэглээндээ сард 3 сая вон (2670) ам.доллар зарцуулах эрхтэй. Нэг өдөрт хоолонд зарцуулах мөнгө 20 мянган воноос хэтрүүлэхгүй байх ёстой аж.

С.ЦЭЛМЭГ
Эх сурвалж: Korea Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж