“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас өнөөдөр /2017.04.03/ Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын төсөв санхүүгийн хямрал нь ажил бизнес эрхэлж, татвараа шударгаар төлсөөр ирсэн иргэд, бизнес эрхлэгчдээс бус улстөрчдийн популист бодлого, эрээ цээргүй авлига, нийтийн өмчийг цөөнх завшдаг тогтолцоог өөгшүүлж ирсний үр дүн гэж тэд үзэж байна.
“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн эдийн засагч, судлаач Н.Туяа хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар УИХ-д төсвийн тодотголыг өргөн барьсан. Үүгээр дагалдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг уртасгах саналыг оруулсан. Үүнийг бид буруу гэж үзэн энэ шаардлагыг хүргүүлж байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр тусгасан. Тэтгэврийн насыг уртасгаснаар залуу үеэ ажилд орох боломжийг хааж байна” гэлээ.
Засгийн газар хууль сахиулах, олон нийтийн өмчийн менежментийг үр ашигтай хийх, иргэдийн орлогын ялгааг бууруулж тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн суурийг тавих алсын хараатай бодлого хэрэгжүүлэхийн оронд ажлын байрыг хумьж иргэдийн амьжиргаанд улам дарамт болох хамгийн муу хувилбар дэвшүүлж байгаа нь агшсан эдийн засгийг улам хямраах, ядарсан иргэдийг нэмж сөхрүүлэх буруу шийдэл гэж тэд үзэж байна. Иймээс дараах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж байгаа юм байна. Үүнд:
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг уртасгах, шатахууны болон автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх саналаа татаж авах
Улаанбаатар хот болон аймаг орон нутагт хэн хэзээ ямар шийдвэрээр олгосон нь үл мэдэгдэх хашсан газруудын эрхийг цуцалж, хуулийн дагуу дуудлага худалдаагаар оруулах
Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Газрын үнэлгээг тогтоосноос хойш огт индексжүүлэлгүй 20 жил царцаасан нь төсвийг асар их алдагдалд оруулж байна. 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 мянган төгрөг, улсын төсвийн орлого 200 тэрбум төгрөг байсан бол 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, улсын төсвийн орлого 6 их наяд төгрөг болж 20-30 дахин нэмэгдсэн байна. Гэтэл газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны түвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байна. Иймд газрын үнэлгээг нэн даруй шинэчлэн тогтоох
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг даргын гарын үсгээр олгож байгаа нь албан тушаалтан тэдний хамсаатнуудын амар хялбар аргаар баяжих арга болж байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж, төрөөс олгож байгаа бүх төрлийн зөвшөөрлийг ил тод болгох. Үүнтэй холбогдуулан УУХҮЯ-аас сонгон шалгаруулалтаар 1.6 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа ажиллагааг хойшлуулах
Засгийн газар газрын болон баялгийн эрхийн үнэлгээг тогтоож, хоёрдогч зах зээлийн арилжааг татварт бүрэн хамруулах
Оффшор бүсэд байгаа их хэмжээний хөрөнгө нуусан асуудлыг УИХ, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгаж, эх үүсвэр нь батлагдаагүй хөрөнгийг эх оронд нь авчрах ажлыг нэн даруй зохион байгуулах
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улс төсвийн санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ гэж тэд хэлээд Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмчлөх эрхийг шударгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их хурал, Засгийн газраас шаардаж байна гэлээ.
Г.ТҮШИГ