”Дэлхийн оюутнуудын хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

”Дэлхийн оюутнуудын хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн ялагч тодорлоо

"Дэлхийн оюутнуудын хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн 16 дахь удаагийн шигшээ тэмцээн 4-р сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө. БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны төлөөлөл, МУИС-ын Күнзийн институтийн монгол талын захирал Чимэдцэеэ, МУИС-ын Күнзийн институтийн хятад талын захирал Жү Жүнли, Монголын хятад хэлний багш нарын холбооны дарга В.Батмаа зэрэг холбогдох байгууллага нэгжийн удирдлага, эрдэмтэн багш нар, оюутнууд болон хөгжөөн дэмжигчид нийт 300 гаруй хүн энэ арга хэмжээнд оролцов. Энэхүү тэмцээнд МУИС, ШУТИС, МУБИС, УБИС, ОТИС, ИЗОУИС, Ховдын их сургууль, Дархан дахь Хүмүүнлэгийн Их сургууль, Дорнод Их сургууль зэрэг Монголын 9 их, дээд сургуулийн 85 оролцогч дундаас бичгийн шалгалтдаа тэнцэн урлагийн тэмцээний эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн 15 оюутан хятадын урлаг соёлын шилдэг үзүүлбэрээрээ өрсөлдөж, МУИС-ын 6 дугаартай оролцогч Б.Ундармаа “Шилдэг авьяастан” шагнал болон тэргүүн байрыг эзэлж, монголын оюутнуудыг төлөөлж 7-р сард Хятадын Хүнан мужийн Чан Ша хотод зохиогдох "Дэлхийн оюутнуудын хятад хэлний гүүр" тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Мөн тэмцээний оролцогчид шагналт байр, тусгай байр, гурав дугаар байр, дэд байранд шалгарч тус тус мөнгөн шагнал хүртсэн юм. Улаанбаатар Их Сургуулийн оюутан П.Сувд-Эрдэнэ мөн шилдэг оролцогч болж Б.Ундармаагийн хамтаар Хятад улсыг зорьж, тэмцээн үзэж туршлага солилцох эрхээр шагнагдсан байна.

"Дэлхийн оюутнуудын хятад хэлний гүүр" тэмцээнд өмнө нь Монгол улсаас оюутан сурагчид маш их амжилттай оролцож, Дэд байрны шагнал, Тивийн аварга зэрэг шагналыг хүртэж байсан байна. Уг тэмцээн нь хятадын болон дэлхийн олон үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болсон бөгөөд жил бүр Хятадын Төв Телевиз (CCTV) шууд дамжуулан хүргэдэг байна.

Ч.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж