“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дөрөвдүгээр сарын 28-нд хийхээр товложээ. Хурал “Эрдэнэс тавантолгой” компанийн байранд болох аж. Уг хурлыг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас зарлажээ.
Харин хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөр тогтоосон байна.
Иргэн Л.Наранбаатар, Ч.Ганхуяг нарын байр сууриар бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлага болон компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшигч Засгийн газрын зүгээс нэг ширхэг 933 (есөн зуун гучин гурав) төгрөгийн үнэ бүхий 2 212 223 863 ширхэг буюу нийт 2 064 004 864 179 (хоёр их наяд жаран дөрвөн тэрбум дөрвөн сая найман зуун жаран дөрвөн мянга нэг зуун далан ес) төгрөгийн үнэ бүхий хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын 2 511 332 иргэнийг үнэ төлбөргүй эзэмшиж байгаа мэтээр тайлбарлаж Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласаар байна.
Бидний зүгээс цаашид дээрх зөрчлийг арилгах, компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хуульд заасан журмын дагуу явуулах, хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж болон иргэдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцуулах асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх болно.
Иймд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох сонирхолтой “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд болон нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгж, компаниуд та бүхэн бидэнтэй холбогдож, хамтран ажиллана уу” хэмээжээ.
Г.ХОРОЛ