Харин хөшөө нь байна, хөдөлмөрийн баатрын алтан соёмбот тэмдэг нь байна. Өвөрхангайнхны дээд үеийнхэн бусдын үл өгснийг авдгаараа (нэр төрлийг нь хэлбэл өмд гутал) зартай байсан тухай аман яриа бий. Энэ нь хойч үеийнхэнд ямар хамаа байна вэ. Сүүлийн үеийн статистик мэдээллээс харж, тус аймгийн Цагдаагийн хэлтсийнхний ярианаас сонсоход үл өгснийг авах нь жилээс жилд буурч, бусад аймагтай харьцуулахад доогуур үзүүлэлттэй, нэг онд дунджаар ердөө хоёрхон оронтой тоогоор илэрхийлэх цөөхөн хулгай гардаг болжээ.
Эхлээд уг зургийг эдгээр цөөн тооны хулгайн гэмт үйлдлийн нэгнийх нь хавтаст хэрэгт нотлох баримт болгохоор цагдаагийнхны авсан фото байна гэж эндүүрсэн юм. Гэтэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихдээ З.Ойдов аваргатай, төрсөн нутагт нь авахуулсан сурталчилгааны зураг байв.
Улмаар тодруулахад, хөшөөний зэс хөөмлийг мохоо үзүүртэй хатуу зүйлээр хуулан авч хулгайлсан нь үнэн аж. Хэргийн илрүүлэх ажиллагааны үед Хархоринд байсан бүх хүнийг, аваргын хажууд зогсоо нэр дэвшигчийг хүртэл уг хэрэгт холбогдуулан шалгах эрх үүрэгтэй. Хархорины цагдаа ингэж шалгасан эсэх нь тодорхойгүй бөгөөд харин төрийн шагналын тэмдгийг хулгайч аваагүй, аварга өөрөө аваагүй, Н.Энхбаяр өгөөгүй нь тодорхой байна.
Миний бичлэгийн найруулгаас болоод манай улсын гурав дахь Ерөнхийлөгч нь З.Ойдов аваргын төрийн шагналын тэмдгийг шуучихаад гаргаж өгөхгүй байсан юм шиг уншигч танд арай ойлгогдсон юм биш биз? Ийм хачин зүйл огт болоогүй. Ёстой жинхэнэ хачин нь гэвэл Зэвэгийн Ойдов төрийн шагналгүй бөгөөд үе үеийн Ерөнхийлөгч нар түүнд энэ шагналыг ерөөсөө өгөөгүй юм байна.
Би алдарт бөхөө төрийн шагналтан гэж бодож явжээ. Надад л лав, З.Ойдов гуайг төрийн шагналтан биш гэж бодохоор амрагийн дээд аав ээж хоёр Цагаан сарын шинийн нэгэнд золгодоггүй шиг хачин санагдаж байна.
Зэвэгийн Ойдов бол чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, Монгол Улсын долоон удаагийн аварга, олон улсын “Интернацианол” тэмцээний олон удаагийн аварга… Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд 62 кг-ын жингийн шилдгүүдийн нэг хэмээн бичигдсэн түүний авсан алт, мөнгө, хүрэл медалийг нь жинлэж үзэхэд 62 кг хэдэн зуун грамм татаж байна гэсэн. Тэрээр ийм амжилт гаргах төвшинд хөдөлмөрлөснийхөө төлөө, Монгол Улсаа ертөнцийн чихнээ дуурсгаж явсныхаа төлөө төр засгаас баатар, гавьяат цолоор шагнуулж, бүх одон медалиар энгэрээ мялаалгасан байна. Гэхдээ эдгээр нь Зэвэгийн Ойдов гэдэг хувь хүн өөрийг нь шагнасан, хөдөлмөрийн үр дүнгийн шагнал юм.
Харин төрийн шагнал бол бүтээлд өгдөг шагнал. Тиймээс З.Ойдов аваргын “Ойдов” мэхэнд төрийн шагнал өгөх ёстой бус уу? Энэ бол олон улсын чөлөөт бөхийн түүхэнд өөрийн зохиогчоороо нэрлэгдсэн, “Нильсон”-ы дараахь хоёр дахь шинэ мэх. Энэ бол олон улсын чөлөөт бөхийн мэхний төрөлд Азиас бүртгэгдсэн анхных.
З.Ойдов аваргын хэвтээ барилдаанаас нэг гараараа өрсөлдөгчийнхөө толгойг уургалан, нөгөө гараар тахимдаж барьц аван тэр чигээр нь эргүүлэн далаар цэвэр дардаг мэхийг Чөлөөт бөхийн Олон улсын холбоо-FILA-гаас шинэ мэх гэж хүлээн зөвшөөрч буйгаа хэдэн жилийн өмнө зарласан. Дээр нь аваргын зохиосон мэхийг “Ойдов” гэж нэрлэхээр тогтож өөрт нь сертификат олгосон юм. Намбарын Энхбаярыг гурав дахь Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлсний дараахан энэ үйл явдал өрнөж З.Ойдов аваргын “Ойдов” мэхний тухай дэлхий даяар шуугиж, аварга өөрөө үндэсний телевизээр гарч энэ мэхээ давтан хийж үзүүлж байсан. Тийм ч учраас Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа аваргад төрийн шагнал олгосон байх гэж бодож явснаас үүдэн сурталчилгааны зурган дээр тэмдэггүй байгааг хулгай авчээ гэж эндүүрсэн байна.
Баабар “Монголчууд: Нүүдэл суудал” номоороо төрийн шагнал авсны дараа “Энэ шагнал бол надад хувь хүнд маань биш, миний бүтээлд өгсөн шагнал юм” гэж маш тодорхой өгүүлсэн. Төрийн шагнал олгох журмыг уншихад ч уг шагналыг, нэг сая доллар дагадаг Нобелийнх шиг, хийсэн бүтээл гаргасан нээлтэд нь өгдөг болох нь ойлгомжтой байдаг.
Сонирхуулахад, төрийн дээд шагналыг бий болсон 1945 оноос 1962 он хүртэл Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал, 1991-1997 онд төрийн соёрхол, 1962-1991 онд, мөн 1997 оноос төрийн шагнал гэж нэрлэж байгаа.
Анхлан шагнуулсан зохиолч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, найруулагч Э.Оюун, зураач О.Цэвэгжав, Л.Гаваа, Д.Чойдог, түүхч Ш.Нацагдорж нарын бүтээлээс хойш шог зохиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоон” ном хүртэл нийтдээ 264 бүтээлд төрийн шагнал хүртээжээ. 1996 оны утга зохиолын Нобелийн шагналыг Польшийн яруу найрагч В.Шимборскагийн “Алмаст бичсэн захидал” найраглалд олгосон байдаг. Сайхь эмэгтэй энэ бүтээлээ 34 насандаа 39 жилийн өмнө 1957 онд туурвисан байсан шүү.
Яах вэ, З.Ойдов аваргын “Ойдов” мэх нь, польш яруу найрагчийн найраглал шиг, шагналын цаг хугацааны хэмжүүрт яваа гэж бодъё. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь аваргын, FILA-гийн батламжтай шинэ мэхэнд төрийн шагнал соёрхохгүй бол хорвоогийн сонин нэгээр хорогдохгүй үргэлжлэх буйзаа.