Ховд аймгийн Дуут, Манхан сумын малчдын хувьд бэлчээрийн асуудал, бэлчээр ашиглалт, сум, багийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтанд анхаарах шаардлагатай төдийгүй зохицуулалт хэрэгтэй болсныг малчид уулзалтын үеэр УИХ-ын даргад хэлж байсан. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн хувьд Дуут, Буянт, Манхан сумын заагт амьдардаг нутгийн малчид бэлчээрийн маргаантай өнөөдрийг хүрчээ. Иймээс сум болгон өөрийн нутаг дэвсгэрт гаднын сумын малыг оруулахгүй, орсон тохиолдолд татвар авна гэсэн дотоод журмыг мөрдөж ирсэн байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ ""Бэлчээрийн хил зааг гаргаж мөрдөх нь орон нутагтаа ашигтай байгаа боловч зэргэлдээ сум, багийн малчдад ашиггүй байгаа тал ажиглагдаж байна. Зарим малчид малаа маллах явцдаа нэлээд хэмжээний төлбөр, түрээс төлөх байдалд л хүрч байна. Энэ бүхнээс үүдэн малчид бэлчээрийн тухай хуулийг гаргах асуудлыг хөндөж байгаа. Малчдын ярианаас харахад, бэлчээрийн тухай хууль гаргахад бэрхшээл учирна. Улсын хэмжээнд нэг хууль гаргаад мөрдөх нь сөрөг үр дүнд хүргэх болгоомжлол бий. Учир нь аймаг бүрийн онцлог өөр. Хангай, говь, хээр тал, алтайн бүсийн аймгуудын нөхцөл байдал өөр өөр. Түүнчлэн аймаг дотроо сум бүр бэлчээрийн өөр өөр тогтоцтой. Иймээс Бэлчээрийн тухай хуулийг сайтар бодож, нэгдсэн шийдэлд хүрэх асуудлын нэг болохыг УИХ-ын дарга онцолов.
Мөн ""Алтайн зам"" компани Манхан-Дарви чиглэлийн 103 км хатуу хучилттай замын ажлыг хийж Мөн ""Алтайн зам"" компани Манхан-Дарви чиглэлийн 103 км хатуу хучилттай замын ажлыг хийж байна. Хоёр жилийн хугацаанд дээрхи замыг ашиглалтанд өгөх зорилт тавин ажиллаж байгаа юм. Ийнхүү шинэ замын сүлжээг бий болгосноор Ховд аймгийн сумдын 80 гаруй хувь нь хоорондоо замаар холбогдох бүрэн боломжтой болох юм. Зам бол хөгжлийн түлхүүр болохыг замын ажилтай танилцсан УИХ-ын дарга хэлж байв.
Түүнчлэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Нийгмийн хамгааллын сайд байхаасаа эхлэн Ховд аймагт ""Ахмадын ордон"" байгуулах ажлыг санаачлан хийж эхэлсэн бөгөөд энэ ажлын үр дүн энэ жил гарч ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх ‘’Ахмадын Ордон’’-той боллоо. Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд ахмадуудад барьсан томоохон бэлэг бол ""Ахмадын ордон"" болсныг ордоны нээлтэнд оролцсон өндөр настанууд хэлж байлаа.
Олон үндэстэн ястны өлгий нутаг болсон Ховд аймгийн түүх, соёлын уламжлалыг хадгалах үүднээс, ""Соёлын өвийн хүрээлэн"" Ховд аймагт нээлтээ хийлээ.
УИХ-ын дарга 2011 онд Ховд аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд цаашид Ховд аймаг хөгжих эхлэл болохыг онцлон хэлээд цаашид бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байх болохыг онцолж байсныг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв