ОХУ-ын дуулиант авлигын хэргүүд

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

ОХУ-ын дуулиант авлигын хэргүүд

Орос даяар шуугиан тарьсан, их хэмжээний мөнгөн дүнгээр хэмжигдэх авлигын хэрэг өнгөрсөн 10-аад жилд цөөнгүй гарчээ. Сая сая ам.долларын авлига өгч, авалцсан тэдгээр хэргүүд юу байв?


НИКОЛАЙ УТКИН

Тольятти хотын захирагч асан Николай Уткин

Албан тушаал: Тольятти хотын захирагч

Авлигын хэмжээ: 6 сая ам.доллар

Самара мужийн Тольятти хотын захирагч Николай Уткин, Газрын нөөц, баялгийг удирдах газрын тэргүүн Наталья Немых нар 2007 оны тавдугаар сарын 1-нд авлигын хэргээр баривчлагджээ. Хэргийг мөрдөн шалгах явцад барилга барих зориулалтаар 150 га газрыг “Story Finance” барилгын компанид олгохдоо захирлаас нь 150 сая рубль буюу тухайн үеийн ханшаар 6 сая ам.долларын авлига авсан болох нь илэрсэн байна.

Энэ хэрэгт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Александр Сидоров гэгч авлигын мөнгөний эхний хэсэг болох 25 сая рубль (нэг сая ам.доллар)-ийг өгөх гэж байхдаа баригджээ.

2008 оны хоёрдугаар сарын 12-нд Самара мужийн шүүхээс Уткин, Сидоров нарт долоон жилийн хорих ял, харин Немыхт 8,5 жилийн хорих ял оноосон байна. 2012 оны есдүгээр сарын 9-нд Уткин батлан даалтаар суллагдаж, жилийн дараа Немых мөн батлан даалтаар шоронгоос гарчээ.


ВЯЧЕСЛАВ ТРОФИМОВ

Москвагийн хойд тойргийн прокурорын орлогч асан Вячеслав Трофимов

Албан тушаал: Москвагийн хойд тойргийн прокурорын орлогч

Авлигын хэмжээ: 3 сая ам.доллар

Вячеслав Трофимовыг авлигын хэрэгт холбогдуулан 2008 оны арванхоёрдугаар сарын 17-нд Москвагийн нэгэн ресторанаас баривчилжээ. Мөрдөн шалгалтын явцад тэрбээр Москва дахь автомашины худалдааны газрын эзнээс гурван сая ам.долларын авлига авч, хариуд нь түүний холбогдсон контрабандын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон байна. Трофимов авлигын мөнгөний урьдчилгаа 100 мянган ам.долларыг авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.

2010 оны арванхоёрдугаар сарын 8-нд Москва хотын Головинскийн шүүхээс Трофимовд 13 жил, зургаан сарын хорих ял оноож, авлига авах гэж байсан бизнесмэн эрд 14 сая рубль (500 мянган ам.доллар)-ийн нөхөн төлбөр өгөхийг даалгавар болгожээ. 2011 оны гуравдугаар сард шүүхээс түүнд оноосон ялын хэмжээг 18 сараар багасгах шийдвэр гаргасан байна.


НАТАЛЬЯ ГРИШКЕВИЧ

Наталья Гришкевичийг 2010 оны хоёрдугаар сарын 18-нд Санкт Петербургаас баривчилжээ.

Албан тушаал: Ленинград муж болон Санкт Петербург хотыг хариуцсан ОХУ-ын Тэтгэврийн сангийн тэргүүн

Авлигын хэмжээ: 1,9 сая ам.доллар

Наталья Гришкевичийг 2010 оны хоёрдугаар сарын 18-нд Санкт Петербургаас баривчилжээ. Тэр ВЕФК банкны тэргүүн Александр Гительсоны эсрэг үүсгэсэн эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдсон юм. Шалгалтын явцад Гришкевич Тэтгэврийн сангийн тухай хуулийг зөрчиж, Төв банкинд байршуулах ёстой Тэтгэврийн сангийн дансыг ВЕФК банкинд байршуулсан болох нь тогтоогджээ. Үүнийхээ хариуд Гришкевич ВЕФК банкны тэргүүн Гительсоноос 1,9 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хахууль авсан байна.

2015 оны зургадугаар сарын 16-нд Санкт Петербург хотын Приморскийн шүүхээс Гришкевичийг их хэмжээний авлига авсан гэм буруутай гэж үзэж, 10 жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн 950 мянган рублийн торгууль оноосон байна.


ГРИГОРИЙ ДОМОВЕЦ

Григорий Домовец

Албан тушаал: ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Москвагийн бүс нутгийн тээврийн онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч

Авлигын хэмжээ: 1,5 сая ам.доллар

Григорий Домовец 2010 оны тавдугаар сарын 25-нд саатуулагджээ. Мах хууль бусаар хилээр гаргасан гэх хэрэгт холбогдсон Москвагийн хөргөх төхөөрөмжийн газрын даргыг хэргээс мулталсан, шанд нь түүнээс 1,5 сая ам.долларын авлига авсан хэрэгт түүнийг буруутгасан юм. Энэ хэрэгт холбогдуулан албаны олон хүнийг шалгасан ч удалгүй хэрэгт холбогдолгүй гэж цагаатгажээ.

2010 оны арваннэгдүгээр сарын 26-нд Москва хотын шүүхээс Домовецид гурван жилийн хорих ял оноосон байна. Домовец шүүх танхимд гэм буруугаа хүлээсэн бөгөөд 2011 оны нэгдүгээр сард Дээд шүүхээс түүнд оноосон ялыг түдгэлзүүлжээ.


ИГОРЬ БЕСТУЖЕВ

Игорь Бестужев чанга дэглэмтэй хорих ангид есөн жил хорих ялаар шийтгүүлжээ.

Албан тушаал: Ставрополь хотын менежер

Авлигын хэмжээ: 1,5 сая ам.доллар

Игорь Бестужев 2012 оны хоёрдугаар сарын 2-нд баривчлагджээ. Худалдааны төвийн барилга барих зориулалтаар төрийн өмчийн газрыг хувийн эзэмшилд шилжүүлсэн, үүнийхээ төлөө 50 сая рублийн шан харамж авахыг завдсан хэрэгт тэр буруутгагдсан юм.

2014 оны долдугаар сарын 24-нд Ставрополь хотын Октябрьский дүүргийн шүүхээс түүнийг бусдаас авлига, хээл хахууль авсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид есөн жил хорих ялаар шийтгэжээ. Мөн 500 сая рублийн торгууль ногдуулсан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж