Гурван цаг үргэлжилсэн тоглолтод Р.Федерер ялав

Хуучирсан мэдээ: 2017.04.01-нд нийтлэгдсэн

Гурван цаг үргэлжилсэн тоглолтод Р.Федерер ялав

7 сая ам.долларын шагналын сантай талбайн теннисний Miami Open тэмцээн АНУ-ын нарлаг Майамид болж байна. “Masters” ангиллын цуврал хоёр дахь тэмцээний аваргын төлөө Швейцарийн Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль нар шалгаран үлдлээ.

Тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Швейцарийн Рожер Федерер хагас шигшээ тоглолтод Австралийн теннисчин Ник Кургиостой таараад байсан юм. Өчигдөр болсон хоёр теннисчний тоглолт гурван цаг 9 минут үргэлжилсэн бөгөөд 7:6, 6:7, 7:6-ын харьцаагаар Федерер ялалт байгуулж, шигшээд өрсөлдөх эрхийг авлаа. Аваргын төлөө тоглохоор шалгараад байгаа Федерер гуравдугаар тойрогт Аргентиний Хуан Мартин дел Потро, шөвгийн наймд Чехийн Томаш Бердых нарын хүчтэй тоглогчдыг хожсон юм. Энэ жил 36 настай Рожер Федерер харих болоогүй гэдгээ харуулсаар байна.

Тэгвэл нөгөө хэсгээс Испаний Рафаэль Надаль шигшээ тоглолтод шалгаран үлдлээ. Хоёр теннисчин энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд таарахад Рожер Федерер хожиж байсан юм. Тэгвэл энэ цагийн домог болсон теннисчид Майамид дахин учраа таарлаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж