Б.Амархүү: Авьяастай хүн продюссерийн асуудал дээр гацдаггүй

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Б.Амархүү: Авьяастай хүн продюссерийн асуудал дээр гацдаггүй

ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин, “Премьер Министр” хамтлагийн ахлагч, дуучин Б.Амархүү уржигдар эх орондоо иржээ. Тэрбээр өчигдөр Боловсрол суваг телевизийн студид саатаж, ард түмний санал асуулгаар кино бүтээх “Кино код” нэвтрүүлэгт урилгаар оролцсон юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Амархүү хэзээ эх орондоо ирэв. Ямар ажил амжуулах төлөвлөгөөтэй байна?

-Өчигдөр өглөө ирлээ. Манай хамтлагийнхан жилдээ нэг удаа 12-13 хоногийн амралт авдаг юм. Энэ жилийн амралт маань наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Тэгээд л тал тал тийшээ амрахаар салцгааж, би Монголдоо ирлээ дээ. Баатар /Hero Entertainment-ийн захирал, найруулагч Б.Баатарыг хэлэв/ ахтайгаа, өөрийнхөө төлөөлөгчтэй, мөн найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүстэйгээ уулзаж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцана. Мөн та бүхэн мэдэж байгаа байх, “Hero Entertainment”-ынхан шинэ киноныхоо ажилд ороод байгаа. Энэ хүрээнд гол дүрийн болон бусад жүжигчдээсээ сонгох зэрэг талаар ярилцлагад оролцлоо. Өөр ч бас бус ажил гарч ирж магадгүй.

-“Кино код” төслийн хүрээнд “Hero Entertainment”-ын бүтээж буй кинонд та ямар байдлаар хамтран ажиллах вэ. Киноны дууг дуулах ч юм уу, эсвэл ард түмний саналаар кинонд тоглох урилга ирвэл хэрхэн хүлээж авах вэ?

-Угаасаа тийм яриа байгаа шүү. Ямар ч байсан би энэ кинонд тоглоно. Харин ямар дүрд вэ гэдэг нь л гол асуудал. Дууг нь ч гэсэн би дуулах байх. Гэхдээ би хамаагүй ингэчихье, тэгчихье гээд давраад байдаггүй л дээ. Мэдээж ажил юм чинь.

-Хамтлагийн болон хувийн уран бүтээлийнхээ сонин хачнаас хуваалцаач. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав?

-“Премьер Министр” хамтлаг маань удахгүй шинэ цомгоо гаргах гэж байна. Саяхан “Мы так хотели” гээд “цагаан” цомгоо гаргасан. Түүнийхээ үргэлжлэл болгоод шинэ цомог гаргахаар 20 гаруй дуу бэлэн болгоод байна. Тэдгээрээс аль дууг нь цомогтоо оруулах, аль дууг нь клипжүүлэх гээд л асуудал гарч байна. Харин миний хувьд гэвэл монголчууддаа зориулсан монгол хэл дээрх цомог маань ум ма ни бад мэ хум бэлэн боллоо /инээв/. 10 гаруй дуу бэлэн болсон байгаа. Мөн л алийг нь цомогтоо оруулах, аль дууг нь Монголын ямар хамтлаг, дуучидтай хамтран дуулах гэх зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

-Цомог яг хэдийгээр үзэгч, сонсогчдын гарт хүрэх вэ?

-Шинэ ондоо ямар ч байсан гаргана.

-Шинэ он гэж та 2012 оныг хэлж байна уу. Амархүүгийн фенүүдийг удаан хүлээлгэсэн цомгоо энэ ондоо багтааж гаргах боломжгүй юү?

-Яарах хэрэггүй байх тийм үү. Учир нь нэгмөсөн гоё, сайхан цомог гаргахыг хүсч байна.

-Саяхан болж өнгөрсөн “Гурван охин” хамтлагийн тоглолтод таныг оролцох тухай яриа, мэдээ, мэдээлэл гарч, үзэгчид ч тэр үдэш таныг багагүй үгүйлсэн. Гэнэтийн сюрприз гээд л ерөнхийдөө хүлээлт үүсээд байсан л даа.

-Би үнэхээр ирэх гэж байсан шүү. Даанч “Премьер Министр” хамтлагийнхан маань шинэ уран бүтээлийн ажилтай байсан болохоор ирж чадсангүй.

-Нэг хэсэг таныг “Гурван охин” хамтлагийн продюссерээр ажиллана гэсэн сенсаац дэгдсэн шүү дээ?

-Тийм яриа бол байгаа. Ажиллана. Би бас Москвад хэсэг найзуудтайгаа нийлээд хөгжмийн продюссерийн төв маягийн юм байгуулсан байгаа. Үүнийхээ үйл ажиллагааг Монголд нэвтрүүлж, Монголын рок, попын ертөнцийг оросынхтой харьцуулж ажиллах шинэ санаа бий. Сонирхолтой байж магадгүй л байх. Ер нь манай монголчууд Оросын уран бүтээлийг их сонирхдог. Жишээ нь л гэхэд, Филипп Киркоров Монголд ирэхэд Сүхбаатарын талбай үзэгчдээр дүүрч байлаа шүү дээ. Цаашдаа Оросын шинэ, залуу гэлтгүй уран бүтээлчдийг Монголд авчирч болж байна. Энэ мэтчилэн олон ажил хийх төлөвлөгөөтэй байна. Учир нь надад үнэхээр тийм боломж байгаа юм чинь, хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.

-Ер нь Монголын хамтлаг, дуучид Оросын шоу бизнест хөл тавихад хэр боломжтой вэ?

-Боломж бол байгаа шүү дээ. Зарим нэг нь их буруу бодолтой байдаг, мөнгө хэрэгтэй гэж боддог. Тэр бол худлаа. Авьяас байвал, авьяас байгаад дайчин чанар байвал…

-Бас сайн продюссер, сайн менежмент хэрэгтэй байх?

-Мэдэхгүй, авьяастай хүн продюссерийн асуудал дээр гацдаггүй ш дээ. Продюссер байсан ч, байхгүй ч авьяасаараа тодроод л гараад ирнэ. Хүний авьяас чадвар үргэлж нэг хэмд байдаггүй, өсч дэвжинэ, сайжирна.

-Та хэдийгээр буцах вэ?

-Энэ сарын 13-ний үед л буцах байх даа.

-Ярилцсанд баярлалаа.

Дашрамд дуулгахад, дуучин Б.Амархүүгийн оролцсон “Кино код” нэвтрүүлэг ирэх баасан гаригийн үдэш Боловсрол суваг телевизээр үзэгчдэд хүрнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж