Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ технологи нутагшиж эхэлснээр гадаад орнуудад өндөр төлбөртэйгээр хийгддэг байсан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийдэг болжээ. Одоогийн байдлаар 140 хүнд бөөр, 32 хүнд элэг, 4 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэсэн байна.
УИХ-аас Донорын тухай хуулийг баталснаар зохицуулалтгүй байсан олон асуудал хуульчлагдаж, монголын эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан шинэ шатанд гарахад түлхэц болно гэж мэргэжилтнүүд нь дүгнэж байна.
Онцолход, дэлхийн олонх улсад эмч нарын дийлэнх хувь эрэгтэйчүүд бол манай улсын эмч нарын дийлэнх хувь нь буюу 10 эмч тутмын 8 нь эмэгтэй эмч байдаг аж.
Насны хувьд авч үзэхэд 10 эмч тутмын 3 нь сургуулиа дөнгөж төгсөөд ажиллаад удаагүй байгаа залуучууд, 5 нь ажил мэргэжилдээ дадлагажиж, туршлагажсан ид насныхан бол 2 нь залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, арвин туршлагаа өвлүүлж байгаа ахмад үеийн эмч нар байна. Эмч нарын 60 хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байна.
Г.ХОРОЛ