БНСУ-ын Дэгү хотод болсон хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ-д манай тамирчид өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Тус тэмцээнд 74 орны 4800 гаруй тамирчин оролцсоноос жад шидэлтийн 75-79 насны ангилалд Т.Цэрэндолгор хоёр алт, нэг мөнгө, 55-60 насны найман км-ийн зайн уралдаанд Ж.Энхтайван, 45-50 насны найман км-т О.Сарантуяа, жад шидэлтийн 60-64 насны ангилалд Г.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. 2017 оны ахмадын ДАШТ-ээс гурван медаль хүртсэн Т.Цэрэндолгор энэ жил 79 настай бөгөөд тэрбээр дэлхийн долоон удаагийн аварга, мастеруудын олимпийн аварга, Ази тивийн аваргад 25 удаа түрүүлээд байгаа билээ.
Өнгөрөгч долоо хоногт БСШУСЯ-ын сайд Ж.Батсуурь ахмадын ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн.
Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ гуравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд болсон юм.
Сануулахад, 2015 онд Индонезийн Жакарта, Малайзын Куала-Лумпур хотноо болсон тэмцээнд зээрэнцэг, жад шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр Т.Цэрэндолгор 6 алт, А.Алтанцэцэг 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан юм. Өнгөрсөн онд манай ахмад тамирчид амжилтаа ахиулсан бөгөөд 2017 оныг амжилт дүүрэн эхлүүллээ.
Ч.БОЛ