Хуулийг өөрсдөдөө тааруулж гаргадаг, чимээгүй хулгайч нартай тэмцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Хуулийг өөрсдөдөө тааруулж гаргадаг, чимээгүй хулгайч нартай тэмцэнэ гэв

Ард түмний онц зөвлөлөөс /АТОЗ/ “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийг байгуулж, өнөөдөр /2017.03.31/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тайван жагсаалд иргэний хөдөлгөөний төлөөлөл, иргэд хүрэлцэн ирсэн байв. Мөн гадаадад буй монголчууд ч энэхүү жагсаалд нэгджээ. 

Ард түмний онц зөвлөлийг үүсгэн байгуулагч, жагсаалын ерөнхий зохицуулагч, Оффшорын эсрэг хөдөлгөөнүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Батчулуун талбай дээр цугласан иргэдэд хандаж дараах мэдэгдлийг хэллээ.

-Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн та бүхнийг Монголынхоо хувь заяаныхаа төлөө, энэ цаг үеийг зөв дэнсэлж, зөв үнэлж, үүнээс цааш хийх юм бол хугацаа байхгүй гэдгийг ойлгож ирсэн шилдэг иргэд гэж бид үзэж байна. Бид оффшор данстай улстөрчдийг шалгуулахын тулд өнөөдрөөс эхлэн өдөр бүр Сүхбаатарын талбай дээр ажиллах болно.  Төр засгаа итгэлийн нүдээр харахыг хүсч байна. Та бүхнийг Төрийн ордон руу чулуу бариад дайрах гэж уриалахгүй. Тэгвэл бид ялагдана. Үр хүүхдээ бодож, бид ирээдүйд сайхан зүйлийг өвлүүлэх учиртай. Хэрвээ энэ цаг үеийг алдах юм бол бид баялгийн хараал гэж олон жил ярьсан Африкийн байдал руу эргэлтгүй орох болно. Энд ямар нэгэн албан тушаалд очих гэсэн санаархал байхгүй. Үүний ард 27 жилийн итгэл, найдвар,  цөхрөл байна. Тэр цөхрөл энд сөхрөх ёсгүй. Та бүхнийг бидэнтэй үргэлж хамт байна гэж найдаж байна. Бид бүх хуулийн цоорхойг харж, алдааг олох болно. Бид шударга хуультай, маргааштай итгэлтэй ард түмэн болохыг төлөө энэ хавар Сүхбаатарын талбайдаа цуглах болно  гэсэн юм.

Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд дараах хөдөлгөөнүүд нэгджээ. Үүнд:

  • Оффшорын эсрэг нэгдсэн төв
  • Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо
  • Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний эрхийн холбоо
  • “Тусгаар тогтнол, аюулгүй байдал” ТББ
  • “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ
  • Гал Үндэстэн холбоо
  • Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо
  • Гамшгийн эсрэг үндэсний төв
  • “Монгол хүн монгол хүндээ туслая” ТББ
  • Монголын их хөгжлийн холбоо
  • “Баян Монголоо, Баянхонгороо, Байгалыг башистуудаас аврая” хөдөлгөөн
  • Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв
  • Нийслэлийн ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо
  • “Ногоон хас” хөдөлгөөн
  • Монголын аавуудын төлөөлөл
  • Монголын эрдэмтдийн гүйцэтгэх зөвлөл
  • Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн
  • Монгол нам бус иргэдийн холбоо
  • Дархан-Уул аймгийн оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн
  • “Ноён уулаа аврая” хөдөлгөөн
  • “Босоо хөх монгол” хөдөлгөөн
  • Хагас нүцгэн жагсаал хийж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл
  • “Шударга Монгол” хөдөлгөөн зэрэг олон ТББ, хөдөлгөөнүүд нэгджээ. 

Ард түмний онц зөвлөлийг үүсгэн байгуулагч, жагсаалын ерөнхий зохицуулагч, Оффшорын эсрэг хөдөлгөөнүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Батчулуунаас дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдрийн цуглааныг яагаад хийхээр болсон бэ?

-Бид өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн иргэдтэйгээ харилцаж эхэлсэн. Гэхдээ оффшорыг онцолж авсан. Энэ оффшор бол өнгөрсөн 27 жилийн чимээгүй хулгай юм. Монгол Улсын хуулийг өөрсдөдөө тааруулж гаргадаг, хулгай нь чимээгүй явдаг. Өнөөдөр Монгол улсад эх орноосоо илүү баячууд гараад ирлээ. Надаас 17 тэрбум төгрөгийг ямар аргачлалаар гаргасан юм бэ гэж байнга асуудаг. Өнөөдөр Монгол Улс 24 тэрбум төгрөгийн өртэй байна. Үүнээс бүтээн байгуулалтын 7 тэрбумыг хасья. Үлдсэн энэ мөнгө хаачсан бэ гэвэл бүгд оффшор данс руу явсан.

-Өнөөдөр Төрийн эрх барьж байгаа өндөр албан тушаалтнуудаас хэн оффшор данстай байна вэ. Та бүхэнд ямар баримт байна вэ?

-Та бүгдийн итгээд сонгосон бүгд байна. С.Баярцогт, С.Баяр, Сү.Батболд гээд байна шүү дээ. Монгол төр өөрсдийнхөө төлөө байх юм бол чимээгүй хулгай хийж байсан энэ мөнгө гарч ирнэ. Хяналт шалгалт, мөрдөн байцаалт эцэстээ шүүхээр ороход хуулийн алдаануудыг илэрүүлж чадна. Үндсэн хууль, эрүүгийн хууль, намуудын хуулийн алдаанууд чимээгүй хулгай хийх боломжийг гаргаж байна.

-Энэ цуглааны эцсийн зорилго юу вэ. Та бүхэн ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ бүх хулгайн дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бодитой байдал гарч ирнэ. Эрүүгийн хуулийн зүйл анги ч хамаатай. Өөрсдөдөө зориулж, хууль гаргажээ гэдэг нь батлагдана. Хуулийн зүйл заалтын алдаанууд гарч ирнэ. Оффшорыг эхлээд шалгаад үндэс суурийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүний дараа оффшорын хуулийн өргөн барих ёстой. Ард түмэнтэйгээ энэ хавар нэгдэж, оффшорчид шалгагдана гэдэгт итгэлтэй байна.


“Ард түмний онц түр зөвлөл”-өөс санаачлан зохион байгуулж буй “Оффшорын эсрэг нэгдье” тайван жагсаал 21 аймгийн төвөөс гадна дэлхийн томоохон хотуудад болж байгаа аж. Тодруулбал Унгар улсын Будапешт, Франын Канн, Белгийн Антверпен, Брюсель, БНСУ-ын Монголын элчин сайдын яамны гадаа жагсаалыг хийжээ. Эдгээр жагсаал “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя”  “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая” гэх уриаг барьсан байна.

Франц-Канн хот

Унгар-Будапешт хот

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж