Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

“Зааг”-д юу өгүүлэв?

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Зааг” нэртэй ном бичжээ. Шинэ бүтээлийнхээ нээлтийг өчигдөр /2017.03.30/ Соёлын төв өргөөнд хийсэн юм. 

“Зааг”-д ард түмний аз жаргалтай амьдрал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, амгалан тайван байдал, хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй.

Харин хүний эрх, эрх чөлөөг боомилох, үзэн ядалт, эзлэн түрэмгийлэл, сахилга, дэг журамгүй байдал зэрэг хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг бүхэнд “хатуу хана хэрэм, зааг хязгаарлалт ямагт байх ёстой” тухай өгүүлжээ.

Энэхүү бүтээлийг тэрбээр дөрвөн жилийн турш “ноцолдож” гаргасан байна. 

Тэрбээр бүтээлийнхээ тухай “Аар саархан намтар түүхээрээ оролдож суутал, “Тэрбишдагва гэдэг ганц бодгаль хүний туулсан хийгээд туулж байгаа амьдрахуйн зам мөрийн дүр зургийг гаргаад бүхэлд нь зурчихвал нэгэн жаран, бүтэн нэг улс орны түүх нийгмийг ахуй амьдралтай нь харуулчихаж болох юм биш үү дээ” гэх бодол орж ирсэн нь “Зааг” номын маань утга учир, амин сүнс нь болсон юм. Номын минь дотоод ертөнц бол Монгол Улсын хөгжлийн гарц болох  “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй Монгол хүн” гэсэн философид зангидагдсан. Монголчууд бид ч гэсэн ардчилагчид мөн бишээрээ, манай нам танай нам гэдгээрээ, бүр нам дотроо хүртэл бүлэг, фракцаараа талцан бие биеэ зааглан, тэмцэлдсэн хэвээр байна. Тэгж байгаад улсаа хүртэл нураачих дөхдөг. Тэр хэрээр улс орон минь л хохирно.  Тийм учраас ямар эрх ашиг дээр зааг байх, ямар эрх ашиг дээр ард түмэн нэгдэх ёстой вэ гэдгийг “Зааг-аар дамжуулж, өгүүлэхийг хичээсэн юм” гэж онцолсон юм.

Номын нээлтийн ёслолд Ардын Уран Зохиолч Д.Урианхай, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, профессор, академич Б.Жадамбаа,  Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төв номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо нар    сэтгэлийн үг, бодол шүүмжээ ч хэлж хуваалцсан юм.  

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Зааг” номыг гүйлгэж уншлаа.  Нэг талаас Тэрбишдагвын тухай ч гэлээ нөгөө талаас харахаар Монголын нийгмийн, Монгол төрийн 60 жилийн түүх уншигдана” хэмээсэн юм.

Харин профессор, академич Б.Жадамбаа “Зааг номыг уншаад олон сэтгэгдэл төрлөө. Манай улсын хөгжил буруу болсон. Яагаад буруу болсон шалтгаан нь “Заагт” байна. Зааг байх ёстой газраа л байх ёстой. Зааг зогсвол зовлон, зааг хөдөлбөл хөгжил дэвшил бий болно. Үүнийг дотоод сэтгэлийн өчил болгон бичсэн байна” хэмээн онцоллоо.  

Төв номын сангийн захирал, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо “Төрийг түшиж яваа  түшээдээс маань дотоод сэтгэлд бий болсон  ангал заагийг халж,  аль болох илааршуулах, нийгмийг эмчлэхийг  манлайлж байгаад баяртай байна. Нийгмийг эмчлэх хүмүүс  яах л аргагүй зохиолч, эрдэмтэн мэргэд, сэтгэгчид.  Сэтгэлийг бохирдуулж зааглаж байгаа заагийг нураахаас гадна  бас  хэм хэмжээний заагийг өөртөө барьж байх тухай энэ номондоо тусгасан байна” хэмээсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж